Говийн сумдад залуу гэр бүлийн чуулган зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-03-10 11:14:37

Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс санаачлан говийн сумдад “Гэр бүлийн үнэ цэнэ” залуу гэр бүлийн чуулганыг зохион явуулжээ.

Шаргалжуут, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумдад болсон тус чуулганаар гэр бүлийн хөгжилд саад болж байгаа олон тулгамдсан асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн, тэдгээрийг шийдвэрлэх арга зам гарцын талаар мэдээлэл, өртөөчилсөн сургалт зохион байгуулагдсан байна. Мөн гэр бүлийн талаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого чиглэлийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой тодорхойлох, гэр бүлийн хүчирхийлэл, архидан согтуурахтай тэмцэх хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор тус арга хэмжээг зохион явуулсан аж.

Мөн үеэр Улаанбаатар хотоос уригдан ирсэн лектор Л.Найдан “Гэр бүлийн үнэ цэнэ” лекцийг уншсан бөгөөд “Баянхонгор аймгийн 2015-2030 он хүртэлх хөгжлийн бодлого”-д гэр бүлийн хөгжлийн асуудлаар тусгах саналын хэлэлцүүлэг болсноор сумдын залуу гэр бүлийн чуулганы ажиллагаа өндөрлөжээ.

Б.Мөнхзул

相关新闻