Т.Батсүх: Шүүхийн шийдвэр биелүүлдэггүй явдалтай прокурор, цагдаагийн байгууллага нэн тэргүүнд тэмцэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-26 11:14:49

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, эрүүгийн хэргийн нөхцөл байдал болон бусад асуудлаар аймгийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Т.Батсүхтэй ярилцлаа.


Аймгийн Прокурорын газар оны эхэнд дэвшүүлсэн зорилтоо хэр зэрэг биелүүлэв?


- 2018 онд Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэдэд нээлттэй болгох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр мэдээлэл сурталчилгааны ажлуудыг түлхүү явуулах зорилт дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд оны эхээр хөдөө сумдад болон аймгийн төвийн зарим томоохон албан байгууллагуудад орж сурталчилгааны ажил хийсэн. Түүнээс гадна авилгын хэрэг, албан тушаалын хэрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, мансуурах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг, бага насны хүүхэд хохирсон гэмт хэрэг гэсэн таван төрлийн хэрэгт онцгой анхаарал хандуулан ажиллах зорилтоо амжилттай хэрэгжүүллээ.


Нийтдээ хэдэн гомдол мэдээлэл хүлээж авч шийдвэрлэсэн вэ?


- 2018 онд гэмт хэргийн шинжтэй 550 гаруй гомдол, мэдээлэл хүлээж авсан. Үүнээс 439 гомдолд хэрэг үүсгэн шалгалаа. Энэ хэргүүдээс 250 хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 150 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн 140 гаруй хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр прокурорын шатанд хаасан байгаа. Мөн 30-аад хэрэг хэрэгсэхгүй болж, 100 орчим гомдлыг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдсэн.


Ямар хэргүүд хэрэгсэхгүй болж байна?


- Гэмт хэрэг үйлдсэн этгээд нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй хүүхэд байна гэсэн үндэслэлээр ихэнх хэргүүд хэрэгсэхгүй болж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд хулгай хийх эсхүл хоорондоо зодолдож хүний биед хөнгөн хохирол учруулсан хэрэг хэрэгсэхгүй болдог.


Шүүхээс шийдвэрлүүлсэн хэргүүдийн ихэнх нь хялбаршуулсан журмаар шийдэгдсэн байна. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?


- Нийтдээ 100 орчим хэргийг хялбаршуулсан журмаар 14 хоногийн дотор шийдсэн байгаа. Энэ бол хохирогчийн эрхийг богино хугацаанд хамгаалах, сэргээх, шүүгдэж байгаа, холбогдож байгаа хүнийг ч гэсэн богино хугацаанд хэргийг нь шийдэж гэм буруутайг нь хүлээлгэх чухал ач холбогдолтой юм.


Энэ жил манай аймагт эрүүгийн хэргийн нөхцөл байдал ямархуу байв?


- Эрүүгийн хэргийн нөхцөл байдал жил жилийнхээ хэмжээнд л байна. Гарч байгаа нийт хэргийн 60 хувийг хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа. Хүмүүсийн биед хөнгөн гэмтэл учруулах, хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулах, хүнийг санаатайгаар алах зэрэг гэмт хэрэг 120 орчим гарсан. Цаана нь 90 орчим хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Дийлэнхийг нь орон байрны хулгай эзэлж байгаа. Мал хулгайлах гэмт хэрэг энэ жил цөөхөн байна. Нийтдээ 30 орчим хэрэг шалгагдаад шийдэгдсэн. Эрүүгийн шинэ хуулиар бусдын орон байранд нэвтэрсэн тохиолдолд хүнд гэмт хэрэгт тооцдог. Орон байранд нэвтрээд их хэмжээний юм авна уу, бага үнэтэй зүйл авна уу хамаа байхгүй бусдын хуулиар хамгаалагдсан орон байрны халдашгүй эрхэд халдлаа гэж үздэг болсон.


Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэр их гарч байна?


- Энэ төрлийн гэмт хэрэг 30 гаруй байгаа. Гол шалтгаан нөхцөл бол замын хөдөлгөөний дүрэм зөрчих, явган зорчигч хайхрамжгүй байдлаасаа болж машин тэргэнд мөргүүлэх гэх мэт байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил автоослын улмаас хүний амь нас хохирсон тохиолдол харьцангуй цөөн. Бага насны хүүхэд машинд шүргүүлсэн, тухайн үед гэмтэл нь мэдрэгдэхгүй явцын дунд хүнд гэмтэл илэрдэг тохиолдлууд гарч байна. Хүүхэд зам тээврийн осолд орсон хэргүүдийг судлаад үзэхэд сургуулийн насны хүүхдүүд маш бага гэмтсэн байгаа. Энэ бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын үр дүн юм. Тухайлбал, бүх сургуулиуд орчиндоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, зам хөндлөн гаргах, эцэг эхчүүдтэй гэрээ хийж хичээл тарахад бага насны хүүхдүүдийг харгалзагч  хүнтэйгээ хамт явуулах ажлыг зохион байгуулдаг болсон нь нааштай үр дүн өгч байна.


Анхаарал татсан ямар хэргүүд байна?


- Залилангийн хэрэг анхаарал татаж байна. Энэ онд ийм төрлийн 26 гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа. Өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад их өссөн гэсэн үг. Урьд жилүүдэд дөрөв, таван хэрэг л бүртгэж, шалгаад явдаг байсан.


Залилангийн хэрэг ямар хэлбэрээр гарч байна?


- Гадаад улсаас их хэмжээний хүүгүй зээл өгнө хэмээн олон хүнээс 130 гаруй сая төгрөг залилсан хэрэг байна. Хүүхдийг чинь их, дээд сургуульд оруулж өгнө гэж мөнгө аваад залилчихсан тохиолдлууд бас байгаа. Таныг, эсвэл таны хүүхдийг ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан хэргүүд гарсан. Мөн танд гадаадын хүмүүнлэгийн байгууллагаас илгээмж ирсэн, бүх аймгийн бүх сумдаас нэг нэг хүнийг сонгосон байгаа. Илгээмжээ авахын тулд тодорхой хэмжээний мөнгө тушаах ёстой хэмээн залилсан хэргүүд бүртгэгдсэн. Энэ бүгдийг би иргэдийг залилангийн хэргээс сэрэмжлүүлэх үүднээс хэлж байна.


Дээр бага насны хүүхэд хохирсон хэргийг онцгой анхааралдаа авч ажилласан гэж хэллээ. Энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна?


- Бага насны хүүхэд хохирсон хэрэг гарч байна. Урьд жилүүдийг бодвол цөөрсөн. Түүний дотор хүчингийн хэрэг байгаа. Жишээлбэл, 14 нас хүрээгүй бага насны хүүхэдтэй, эсвэл 16 нас хүрээгүй хүүхдүүдтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдлууд байна. Энэ төрлийн гэмт хэрэг ерөөсөө тасрахгүй байгаа. Урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байна.


Хүний амь насыг хохироох хэрэг гарсан уу?


- Хүний амь хохироосон гэмт хэрэг хоёр байна. Хоёулаа ноцтой үр дагавартай хэргүүд юм. Нэг нь бол нэг нас хүрээгүй хүүхдийг зодож хүнд гэмтэл үүсгэж алсан, нөгөөдөх нь бол эмэгтэй хүн эмэгтэй хүнийг олон удаа буудаж хороосон. Энэ хэргүүдийн нэг нь шүүхээр шийдэгдсэн, нэг нь шийдэгдэх шатанд байна. Нийгмийн стрестэй эмзэг сэтгэл зүй, хүмүүсийн бухимдал, амьдралын хүрэлцээгүй байдал ийм төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж байна.


Статистик мэдээнээс харахад хүүхэд оролцсон гэмт хэрэг өнгөрсөн онтой харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн байна. Үүний учир шалтгаан юунд байна?


- Хүүхэд оролцсон гэмт хэрэг хөдөө сумдаас гарч байна. Аймгийн төвөөс бараг гараагүй. Хүүхдүүд хоорондоо зодолддог, нэг нэгийгээ хэл амаар доромжилдог, хоч нэр өгдөг зэрэг шалтгаануудаас болж гэмт хэрэг гараад байгаа юм. Мөн хөдөө сумдын сургуулийн дотуур байрны багш нарын анхаарал халамж сул байгаа явдал бас нөлөөлж байна. Хараад байхад, ялангуяа гол дагасан Бугат, Алтанцөгц, Баяннуур сумдад удирдлагын болон шат шатны холбогдох хүмүүсийн хариуцлагагүй байдал гэмт хэрэг гарахад их нөлөөлдөг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Баяннуур сумын дотуур байранд гарсан хордлогын асуудал байгаа. Энэ бол цэвэр хариуцлагагүй асуудал. Уг хэрэг одоо шалгагдаад явж байна.


Авилга, албан тушаалын хэрэг бүртгэгдсэн үү?


- Арваад хэрэг шалгагдаад явж байна. Ихэнх нь тэндэрийн мөнгө завшсан, сум хөнгжүүлэх сангийн хөрөнгө зүй бусаар зарцуулсан гэх гомдол мэдээлэл байдаг бөгөөд шалгаад ирэхээр гэмт хэргийн шинжгүй байдаг юм. Шүүхээр нэг хэрэг шийдэгдсэн. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийх гэмт хэрэг нэлээн гарсан. Нийтдээ 11 гэмт хэрэг бүртгэгдээд, шалгагдаад, зарим нь шүүхээр ороод шийдэгдсэн. Шүүхээс гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна гэдэг бол маш ноцтой асуудал. Энийг бол бид цаашдаа анхаарч ажиллана. Мөн албан тушаалтан мөнгө, хөрөнгө завшсан, тендерийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, чанаргүй барилга барьсан, чанаргүй бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нийлүүлсэн зэрэг гомдол тасардаггүй. Энэ төрлийн хэргүүд мөрдөгч нараас тусгай мэдлэг шаарддаг. Эдийн засгийн мэргэжлийн мэдлэг, чадвар хүрэлцдэггүй тохиолдлууд гардаг. Ийм асуудлыг аудит, санхүү, шинжилгээний байгууллагууд дүгнэлт гаргаад бодитоор тогтоосон байх ёстой. Тэгж байж цагдаагийн байгууллагаар шалгуулбал илүү үр дүнтэй байх юм. Тэгэхгүйгээр шууд л цагдаа, АТГ, прокурорт ханддаг тэгээд мөрдөгч нар шинжээч томилж байж хөрөнгө мөнгө буруу замаар орсон уу үгүй юу, үүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал мөн үү үгүй юу гэдгийг шийддэг. Гэтэл энэ ажиллагааны хувьд хугацаа шаарддаг, тэгэхээр нь хүмүүс хуулийнхныг хардаж хахуул авлаа гэж хэлдэг явдал гардаг. 


Саяхан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учруулсан, шүүхийн шийдвэрийг дүр эсгэн биелүүлсэн гэсэн үндэслэлээр сумын Засаг даргад шүүхээс ял оногдууллаа. Мөн та өнгөрсөн долоо хоногт Шүүхийн тамгын газраас зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр дээрхтэй адил дахиад хэд хэдэн хэрэг шалгагдаж байгаа, удахгүй шүүхэд шилжүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?


- Ер нь бол шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу дүр эсгэн биелүүлсэнтэй холбоотой гомдлууд тасрахгүй байна. Тийм учраас энэ хэргүүдийг шалгаад шүүхэд шилжүүлэх зорилготой ажиллаж байна.


Хэдэн хэрэг байна?


- Одоогоор дөрвөн хэргийг шалгаж байгаа.  


Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, дүр эсгэн биелүүлэх гэмт хэргийн шалтгаан нөхцөл юунд байгаа вэ?


- Ер нь бол хүмүүсийг янз бүрийн шалтгаанаар эрхэлсэн ажлаас нь халж байгаа. Ихэвчлэн улс төрийн шалтгаантай. Төрийн албан хаагчийн буруу байхгүй. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлага улс төрийн нэг намаас нөгөө намд шилжих нь жирийн иргэдийн, төрийн албан хаагчдын буруу биш. Төрийн албаны өмнөх хуульд ч дээрх асуудал төрийн албан хаагчийн ажил үүрэгт нь нөлөөлөхгүй гэж заасан байгаа. Харамсалтай нь амьдрал дээр тийм биш байна. Хүмүүсийг дураараа халж байна, чөлөөлж байна, хохироож байна, хөдөлмөрлөх эрхийг нь зөрчиж байна. Тухайн иргэдийн хувьд Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүхээр ажилдаа эргүүлэн томилох шийдвэр гарч байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан ч томилох эрх бүхий албан тушаалтан тухайн хүнийг янз бүрийн шалтгаанаар ажилд нь эргэж авдаггүй. Авсан ч нэг, хоёр өдрийн дараа, долоо хоногийн дараа, их удлаа гэхэд сарын дараа дахиад халж байна.  Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа асуудалтай прокурор, цагдаагийн байгууллага нэн тэргүүнд тэмцэнэ. Ажлаас үндэслэлгүй халчихаад эргээд авахгүй байгаагийн талд манай байгууллагууд орох ёсгүй. Ажилтны талд зогсоно. Яагаад вэ гэхлээр шүүх хуулийн дагуу шийдвэр гаргасан, тэр шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байхад ажилд авахгүй байна гэдэг нь дур зоргоороо авирласан хэрэг. Өөрөөр хэлбэл бидний эрх зүйт нийгэмд амьдарч байна гэдэг зүйл байхгүй болно гэсэн үг. Иргэдийн төрийн байгууллагад, хуулийн байгууллагад, тэр тусмаа шүүхэд итгэх итгэл байхгүй болно гэсэн үг. Тийм учраас бид шүүхийн шийдвэрийг хамгаалах ёстой. Хамгаалахын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурорын байгууллага хамтарч ажиллана.


Эрүүгийн хуульд уг асуудлыг яаж зохицуулсан байдаг вэ?


- Өмнө нь бол ажилтныг ажилдаа авахгүй байж байгаад цагдаа, эсвэл прокурор дээр ирээд эрүүгийн хэрэг үүсэнгүүд авчихдаг байсан. Тийм тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж хуульд заасан байлаа. Одоо тийм юм байхгүй. Авсан ч, аваагүй ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй гэдгээр шийтгүүлнэ.


Долоо хоногийн дараа шинэ он гарна. Ирэх жил ямар зорилт дэвшүүлэн ажиллах вэ?


Ирэх жил хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллая гэж зорьж байгаа. Яагаад вэ гэвэл өнөөдрийн зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны байдлаас харж байхад нийтдээ 200 орчим хүн маш их хэмжээгээр торгуулсан байна. Энэ дотор ажилтай, ажилгүй янз бүрийн хүмүүс байгаа шүү дээ. Торгуулийн хэмжээ маш өндөр бөгөөд 200,000-400,000 төгрөгөөр л яригддаг. Иргэд буруутай, буруутай учраас Цагдаагийн байгууллага шийтгэж байгаа нь зөв. Гэхдээ бид хүмүүсээ шийтгээд баймааргүй  байна. Шийтгүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилламаар байна. Тийм учраас бид иргэддээ замын хөдөлгөөний шинэ дүрмийг, Зөрчлийн тухай хуулийг, Эрүүгийн хуулийг сурталчлах шаардлагатай. Иргэдээ гэмт хэрэг үйлдсэний дараа шийтгэх тухай асуудлыг биш, гэмт хэрэгт холбогдохгүй байх талаас нь санаачилга гарган ажиллах бодолтой байна. Иргэд маань хууль сахиулах байгууллагуудтай хамтарч жил бүр  гарч байгаа гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг арилгах тал дээр идэвхитэй  ажиллаасай гэж уриалж байна.


Цаг заваа гаргаж ярилцлага өгсөн явдалд баярлалаа.

相关新闻