Насанд хүрээгүй жирэмсэлсэн тохиолдлын ердөө 4.4 хувь нь цагдаагийн байгууллагад ханджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-26 11:06:03

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн прокурорын газраас бага насны болон насанд хүрээгүй хүүхдийг  бэлгийн хүчирхийллээс хамгаалах асуудлаар аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтэн нарыг оролцуулсан зөвлөлгөөнийг энэ сарын 24-ны өдөр хийжээ.

Хүүхдийн эрхийн конвенцид “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” хэмээн заасан байдаг байна. Мөн зөвлөлгөөнд оролцогчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажлуудыг хийхэд анхаарч ажиллах талаар харилцан ярилцжээ. Мөн цагдаагийн газарт дээрх мэдээллийг гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэхийг шийдвэрлэж байх, энэ асуудалд аймгийн прокурорын газрын Ерөнхий прокуророос хяналтыг тогтмол тавьж ажиллаж байхаар шийдвэрлэжээ.

Зөвлөлгөөний үеэр оролцогчдод хандаж, цаашид бага насны болон насанд хүрээгүй хүн жирэмсэлсэн талаарх мэдээллийг холбогдох байгууллага, иргэнээс авч Цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байхыг анхааруулсан байна.

Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2017, 2018 оны байдлаар эмнэлгийн байгууллагуудаас 14 нас хүртэл, 14-16 нас хүртэл, 16-18 нас хүртэл насны ангиллаар жирэмсэн болсон, үр хүндүүлсэн, хүүхэд төрүүлсэн тохиолдлыг гаргуулан авч судалсан байна. Ингэхэд дээрх хугацаанд жирэмсэлсэн тохиолдол 2263 удаа гарсан бөгөөд зөвхөн 4.4 хувь нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд бүртгэгдэн шалгагдсан байна. Сэлэнгэ аймгийн тухайд 14-16 насны найман хүүхэд жирэмсэлснээс хүүхэд төрүүлсэн тав, үр хүндүүлсэн гурав, 16-18 насны 47 хүүхэд жирэмсэлснээс хүүхэд төрүүлсэн 46, үр хүндүүлсэн нэг тохиолдол тус тус гарчээ. Иймээс иргэд бага насны болон насанд хүрээгүй хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийн эрх ашиг хохирсон тохиолдолд холбогдох байгууллагуудад хандаж асуудлыг шийдвэрлүүлж байх нь чухал бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил дахин гарахаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ. 

相关新闻