Мод үржүүлгийн талбайд дөрвөн буга өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-25 16:24:01

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвөөс 30 орчим км зайд Хар татар хэмээх газарт орших Мод үржүүлгийн талбайд энэ жил дөрвөн буга ирж өвөлжиж байна.

Уг газарт анх 2013 онд нэг буга ирж өвөлжсөн юм.

         Xар татарын мод үржүүлгийн талбай нь Алтай Таван богдын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд оршдог ба 1990 онд бургасыг үйлдвэрлэлийн аргаар ургуулж, казах гэрийн мод бэлтгэх зорилгоор тухайн үед Ойн судалгаа хүрээлэнгийн захирал доктор Д.Энхсайханы дэмжлэгээр, Ойн ангийн аж ахуйн дарга С.Медеухан, инженер А.Хабылтай нарын санаачлагаар нийтдээ 35 га талбайд байгуулж байжээ.

 Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын Хамгаалалтын захиргааны үе үеийн ажилчид, хамт олноороо 1998 оноос жил бүр таван га газарт шинээр мод тарьсаар 2010 он хүртэл нийтдээ 126 га болон өргөжжээ.

Өнөөдрийн байдлаар уг талбайд улиас, бургас, чацаргана зэрэг гурван төрлийн мод ургадаг байна. Талбайг эзэнтэй болгох үүднээс Хамгаалалтын захиргаа Цэнгэл сумын нэгдүгээр багийн иргэнтэй гэрээ байгуулж хамгаалуулан, усалгаа, арчилгааг тогтмол хийж байгаа аж.

相关新闻