Баяннуур сумын дотуур байрны гурван хүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 70 гаруй хүүхэд хордлогот
өвчний шинжтэй өвчнөөр өвдөж эмнэлэгт хандсан талаар өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл гурван хүүхдийг өнгөрсөн амралтын өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж
эмчилгээ хийлгэж байна.
Дээрх асуудлаар аймгийн Мэргэжлийн
хяналтын газрын дарга Б.Мухамедээс мэдээлэл авлаа. Тэрээр тус агентлагт өгсөн
мэдээлэлдээ: "Өвчлөлийн талаар мэдээлэл энэ сарын 17-ны өдрөөс эхэлж
бидэнд ирсэн. Тухайн өдрөөс хойш манай улсын байцаагч нар аймгийн Эрүүл мэндийн
газрын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамт газар дээр нь ажиллаж
байгаа. Тус дотуур байранд 238 хүүхэд бүртгэлтэйгээс 179 хүүхэд
амьдарч байгаа юм байна. Эмчид хандсан хүүхдийн тоо 82 байгаа.
Үүнээс 71 хүүхэд өвдсөн. Одоогийн байдлаар сумын эмнэлэгт 18 хүүхэд
хэвтэн эмчлүүлж байна. Нийтдээ 50 хүүхэд эмчилгээгээ хийлгэж эмнэлгээс гарсан.
Мөн аймгийн төвд гурван хүүхэд ирж, Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа.
Тухайн хүүхдүүдийн хувьд биеийн байдал хүндрээгүй, эцэг эхчүүдийн хүсэлтийн
дагуу хүргэгдсэн болно. Эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүүхдүүдийн биеийн байдал
сайн. Эмнэлгээс гарсан 50 хүүхдийг дотуур байранд тусгаарлан байрлуулж байгаа" гэлээ.
Тус аймагт өнгөрсөн баасан гарагаас сурагчдын
амралт эхэлсэн. Баяннуур сумын дотуур байрны өвдөөгүй 106 хүүхдээс нэг бүрчлэн
шинжилгээ авч, ямар нэгэн өвчний шинж, зовиур илрээгүй тул өчигдөр
эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгчээ. Эмнэлгээс гарсан 50 хүүхэд цаашид хэд хоног
эмчийн хяналтад байх гэнэ.
Харин дээр хүүхдүүдийн өвчлөлийн
шалтгааныг тогтоох асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний
лаборатори, мөн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн лабораториуд
ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдөр албан ёсоор мэдээлэх
ажээ.