Баян-Өлгий аймгийн шүүгчид шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-25 12:21:23

 Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс «Шүүхийн шийдвэрийн бодит биелэлт-2018» уулзалт хэлэлцүүлгийг Ховд Их сургуулийн салбар сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад шаардлага тавих”  шүүгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд Баян-Өлгий аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага, шийдвэр гүйцэтгэгч нар, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хуульч өмгөөлөгчид оролцлоо.

Аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек “Эрүү, иргэн, захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлтэд хийсэн судалгааны дүн шинжилгээ”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх гэмт хэргийн шийдвэрлэлт” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ: “Шүүхийн шийдвэрийн бодит биелэлт бол эрх зүйт төр, эрх зүйд захирагдах ёсны үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн нэг. Шүүгчид гаргасан шийдвэрийнхээ бодит биелэлттэй хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  танилцаж байгаа нь эрх зүйн томоохон соёл ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Баттулга “Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэлийн статистик мэдээний тойм, бодит биелэлт - 2018” сэдвээр илтгэл тавилаа.

Тус газраас өгсөн мэдээллээр 2018 оны жилийн эцсийн мэдээгээр биелүүлбэл зохих 4.2 тэрбум төгрөгийн 1046 гүйцэтгэх баримт бичгээс 2.2 тэрбум  төгрөгийн 730 гүйцэтгэх баримт бичгийг биелүүлж, бодит биелэлт 69,8 хувьтай байгаа ажээ.

相关新闻