VII сургууль биологийн хичээлд ашиглах 160 гаруй техниктэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар сургууль 4.9 сая төгрөгөөр биологийн кабинетаа тохижууллаа. Ингэснээр биологийн хичээлд ашиглах 32 нэр төрлийн 160 гаруй техник, хэрэглэгдэхүүнээр 100 гаруй туршилт хийх боломжтой болж байгаа юм.
Мөн арван мянганы нарийвчлалтай электрон жин, 1200 дахин өсгөх
чадвартай микроскоп зэрэг нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнтэй болжээ.
Тус сургуулийн биологийн кабинет өмнө нь нэг микроскоп, ургамлын
үзүүлэнгээс өөр тоног төхөөрөмжгүй байжээ.
“Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд уралдаан зарласан бөгөөд үүнээс таван төслийг шалгаруулж 24.4 сая төгрөгийн санхүүжилт олгож үүний дагуу таван сургууль хими, биологийн кабинетаа тохижуулжээ.
Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөр нь гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний жилд 125 сая төгрөг, хоёр дахь жилд 140 гаруй сая төгрөг, энэ жил 200 сая төгрөг зарцуулаад байна.