Баяннуур сумын сургуулийн удирдлага, ажилтнуудад хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн дотуур байрны
40 орчим сурагч хоолонд хордож эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн
билээ. Уг асуудалтай холбогдуулан ажлын хариуцлага алдсан сургуулийн удирдлага,
ажилтнуудад хариуцлага тооцох тухай эрх бүхий албан тушаалтнуудад
санал хүргүүлэхээр болсон талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.
Тус газраас өгсөн мэдээллээр мэргэжлийн
хяналтын улсын байцаагч нар тухайн сургуульд өмнө нь хэд хэдэн удаа хяналт
шалгалт хийсэн байна. Шалгалтаар сургуулийн удирдлага, ажилтнуудын ажлын
хариуцлага сул, ажилдаа хайнга ханддаг, сурагчдын сурч, амьдрах орчин зохих
ёсоор бүрдээгүй, эрүүл ахуйн дэглэм зөрчигдсөн зэрэг зөрчлүүд илэрсэн
тул Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хүмүүст хариуцлага тооцож, албан
шаардлага хүргүүлж байжээ.
Хүүхдүүд хордлогот өвчнөөр өвчилсөнтэй холбогдуулан дээрх сургуулийн дотуур байр, агуулах, гал тогооны эрүүл ахуй, халдвар хамгааллын
дэглэм, ариун цэвэрт, хүүхдүүдэд хэрэглэж буй ундны ус болон хүнсний
бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хоол үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд эрүүл
ахуйн хяналт шалгалт хийж, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, гадаад орчны арчдасын шинжилгээ
авч хими, нян судлалын лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээний дүн
хараахан эцэслэж гараагүй байна.
Түүнчлэн сургуулийн дотуур байрны гал
тогоонд хүнс нийлүүлж байсан дэлгүүрийн сэжиг бүхий хүнсний зүйлүүдийг хурааж
түр хугацаагаар битүүмжилж, хөвгүүдийн болон охидын дотуур байр, хоолны газрын
үйл ажиллагааг зөрчил арилгуулах хүртэл түр зогсоох улсын байцаагч нарын
хамтарсан акт үйлджээ.
Одоогийн байдлаар тухайн сумын Эрүүл мэндийн төвд 38 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дөрвөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, бусад нь дунд зэрэг байгаа ажээ.