Улс төрийн нөлөөлөл, авлига ашиг сонирхолоос ангид байж, иргэдэд чирэгдэлгүй үйлчлэхийг үүрэг болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Байгаль орчны салбарын зөвлөгөөн-2018” сургалт, семинарт оролцогчдод Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил байгаль орчныг
хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлж ажиллахдаа
төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж, улс төрийн нөлөөлөл, авлига ашиг
сонирхолоос ангид байж, иргэдэд
чирэгдэлгүй үйлчилж байхыг үүрэг болголоо.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны салбарын ажилтан, албан хаагчид “Байгаль
орчны салбарын зөвлөгөөн-2018” сургалт, семинараа хийж, 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд хийж
хэрэгжүүлэх ажлаа тодорхойлон ярилцлаа. Сургалт, семинарт БОАЖЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын
хуулийн хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхзаяа, Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн
ахлах мэргэжилтэн Д.Шижир-Эрдэнэ нарын хүмүүс оролцож, мэргэжил арга зүй, хууль тогтоомж, эрхзүйн мэдээллийг өгчээ. Тус үйл ажиллагааг аймгийн
ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нээж хэлсэн үгэндээ 2018 он аймаг,
орон нутгийн хувьд олон шийдвэрүүд гарсан онцлог жил боллоо. Тэр дундаа Монгол Улсын Засгийн газраас Сэлэнгэ аймгийг газар тариалагийн бүс нутаг болгосоныг тодотгов. Мөн шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуулиар төрийн албан
хаагчийн ёс зүй, хариуцлага нэмэгдсэнийг ч онцоллоо. Мөн Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс зөвлөгөөний үйл
ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ хэд хэдэн үүрэг чиглэл өгснийг дуулгалаа. Түүнчлэн ой, хээрийн түймрийг гарсны дараа биш гарахаас нь өмнө
урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах, ажлын цаг ашиглалтын үр нөлөөг
өндөржүүлэх, ажилдаа идэвхи санаачлагатай, сэтгэл зүтгэлтэй ажиллах, аймгийн
ИТХ-аас гаргасан “Ойн дэд хөтөлбөр”, “Сэлэнгэ-Ногоон бүс нутаг хөтөлбөр”,
“Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх дэд хөтөлбөр”-үүд,
аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Байгаль орчны
бодлого, шинэчлэлийн хүрээнд хийгдэхээр тусгагдсан ажлуудыг үр дүнтэй
хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа. Өнөөдөр буюу энэ сарын
19-ний өдөр болсон энэхүү арга хэмжээнд сумдын байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, байгаль
хамгаалагчид, сум болон сум дундын ойн ангийн дарга, инженер, техникчид хамрагдсан байна.