“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр сард 2600 гаруй иргэн үйлчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-18 22:14:36

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Олон жил ашиглагдаагүй байсан хуучин барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр  засварлаж, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулан 11 дүгээр сарын 22-ний өдөр ашиглалтад оруулсан. Нэг сарын хугацаанд тус төвөөр 2600 гаруй хүн үйлчлүүлжээ.

Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, банк, нийгмийн даатгал, газар зохион байгуулалт гэхчлэн 19 төрлийн үйлчилгээг  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах боломжтой болсон учраас иргэд талархалтай хандаж байгаа юм. Хот хоорондын нийтийн тээврийн автобусны билет бичүүлэх, цахилгаан эрчим хүчний төлбөр төлөх гээд холыг зорихгүй, хотын төвөөс авах болсон нь настай хүмүүс, унаа тэрэггүй иргэдэд ихээхэн дөхөм болж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн дарга Ц.Анхтуяа хэлэхдээ “Аль цонхноос иргэд илүү их үйлчилгээ авч байгааг бид судалж үзсэн. Төрийн банкны үйлчилгээг 480 гаруй иргэд авсан байна. Газар өмчлөл, эрчим хүч, иргэний бүртгэлээр үйлчлүүлсэн иргэдийн тоо багагүй байна. Иргэд ямар үйлчилгээ авах хүсэлтэй байгаагаа ч хэлдэг” гэв.

Цаашид төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалга”-ны өдрийг сар тутамд зохион байгуулах, 24 цагийн АТМ сууриуулах зэргээр багагүй ажил төлөвлөж байгаа аж.

 

 

相关新闻