Шатахуун түгээх станцуудад шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-12-18 22:45:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Стандартчлал хэмжилзүйн хэлтэстэй хамтран аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй 24 шатахуун түгээх станцад шалгалт хийж байна.

Тус шалгалт нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн "шатахууны хилийн үнэ буурсан үед шатахууны жижиглэнгийн үнийг буулгаж байх" чиглэлийн хэрэгжилт, борлогдож байгаа авто бензиний октаны тоо, дизелийн түлшний цетаны тоо, царцах температур гэх мэт физик, химийн үзүүлэлтүүд нь холбогдох стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох зорилготой гэнэ.

Шалгалтын дүнгээр шатахуун түгээгүүрүүдийн шахалт стандартад заагдсан зөвшөөрөгдөх хэмжээнд байсан ба авто бензин, дизелийн түлшний физик химийн үзүүлэлтийг лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа аж.

Шатахууны үнийн хувьд “Рысжан”, "Хазына”, “Хөрс Автосервис”, “Тэс-Петролиум” компаниуд  дээрх чиглэлийг хэрэгжүүлж, АИ-92 бензиний үнийг 100 төгрөгөөр буулган 1980-2000 төгрөгөөр борлуулж байгаа бол А80 бензин болон дизель түлшний үнэ хараахан хямдраагүй байгаа ажээ.

相关新闻