Цахилгаан халаагуурын давуу тал, ач холбогдлыг сайтар таниулах хэрэгтэй гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт цахилгаан халаагуурын үзэсгэлэн худалдааг энэ чиглэлийн бизнес эрхэлдэг ААН-тэй хамтран энэ сарын 22, 23-нд Баянхонгор хотноо зохион байгуулах гэж байна. Энэ талаарх мэдээлэл, цахилгаан халаагуурын давуу тал, ач холбогдлыг сайтар таниулахыг аймгийн удирдлагууд нийт багийн идэвхтэн гишүүдэд даалгалаа.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахаар Засаг даргын орлогч Б.Батсуурь даргатай ажлын хэсэг байгуулагджээ. Аймаг цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг хоёр тарифт тоолууртай болгож утааг эрс багасгах зорилгыг өмнөө тавиад байгаа юм. Одоогийн байдлаар хоёр тарифт тоолуурт Баянхонгор сумын айл өрхийн 80 орчим хувь буюу 4500 гаруй өрх холбогдоод байна. Цахилгаан халаагуур нь нүүрсний хэрэглээнээс үнийн хувьд хямд, цэвэрхэн, тохитой хэрэглээ гэдгийг цахилгаан халаагууртай айлууд баталж байна. Энэ зөв зохистой хэрэглээг Баянхонгортоо нэвтрүүлэх ажлын эхлэл нь тус үзэсгэлэн худалдаа бөгөөд аймгийн зүгээс нийт 100 сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх аж. Иймээс багийн идэвхтэнүүд удахгүй болох үйл ажиллагааг олон нийтэд сайтар мэдээлэл, сурталчилж өгөхийг Засаг дарга хүссэн юм.
Тус аймгийн агаарын бохирдлын хэмжээг бусад аймгуудтай харьцуулсан судалгаанаас харахад улсдаа эхний гуравт орж байгаа аймгийн нэг болж байгаа нь анхаарал татах болсон юм. 2017 оны жилийн эцсийн статистик мэдээнээс харахад Баянхонгор аймгийн төвд нийтдээ 29500 орчим иргэн амьдарч байгаагийн 11 мянга гаруй нь 0-16 насны хүүхэд багачууд байна. Тиймээс айл өрхүүд нүүрснээс татгалзаж, цахилгаан халаагуур хэрэглэх нь үр хүүхдээ хамгаалаад зогсохгүй, орчны эрүүл мэндийг сайжруулахад оруулж буй чухал алхам болохыг албаныхан хэлж байна.