Орхон аймаг “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт” бодлогын бичиг баримтаа баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-18 16:53:07
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18 дугаар хуралдаанаар “Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт -2025 бодлогын баримт бичгийг баталлаа. Уг баримт бичгийг аймгийн ЗДТГ 2017-2018 оны хугацаанд боловсруулж НҮБ-ын зөвлөхүүдээс зөвлөгөө авч ажиллажээ. Тус баримт бичгийн алсын харааг “Ээлтэй хөгжил-Эрдэнэт хотоос” гэж тодорхойлсон байна.

 

Ногоон тогтвортой хөгжлийн хэтийн зорилт -2025 бодлогын баримт бичгийн гол үзэл санаа нь байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглах болон байгальд ээлтэй технологи хэрэглэн эдийн засгийг хөгжүүлэх замаар ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэгджээ. Өөрөөр хэлбэл байгаль экологи, нийгмийн хөгжилд ээлтэй байдлаар хотоо хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг бий болгох юм. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхдээ “Эрүүл, оюунлаг иргэнтэй, цэвэр, аюулгүй орчинтой, байгальд ээлтэй үйлдвэрлэл, хэрэглээг дэмжсэн, тогтвортой засаглалтай, ногоон хот болно”  хэмээн үндсэн дөрвөн зорилт тавьжээ. 

 

Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд нийгэм,  эдийн засаг, байгаль орчин, засаглалын тогтвортой хөгжил гэсэн дөрвөн хөгжлийг тусгаж, тэргүүлэх чиглэлүүдэд 16 зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал нийт хүн амыг тэжээллэг, аюулгүй хүнс, баталгаат ундны ус, хямд, найдвартай, орчин үеийн эрчим хүч, ариун цэврийн байгууламжаар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар өвчлөл, нас баралтыг бууруулах гэнэ. Түүнчлэн дундаж наслалтыг нэмэгдүүлж, хүн бүрт чанартай боловсролыг тэгш хүргэх, насан турш боловсрох боломжийг бүрдүүлж, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, байнгын тасралтгүй орлоготой, боловсролтой, эрүүл, оюунлаг “Эрдэнэт иргэн”-ийг төлөвшүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ажээ.

相关新闻