Хужиртын рашаан сувиллуудад 20 гаруй мянган хүн амарч, сувилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий, Тарагт сумдын халуун рашаан, Баруунбаян-Улаан сумын элсний эмчилгээг түшиглэн жуулчдад зориулсан ардын уламжлалт эмнэлэг, амралтын газрууд үйл ажиллагаа явуулж байна.
Хужирт сум дахь таван рашаан сувилалд энэ жил 20 гаруй мянган хүн амарч сувилуулжээ. Орхон голын сав газар, Хангайн нурууны салбар, далайн түвшнээс 1660 метрийн өндөрт оршдог тус сумын байгаль нь хүний биеийн тулгуур эрхтэн, мэдрэл дагасан эмчилгээ сувилгааны үндсэн уламжлалт рашаан, шавраар элбэг юм. Тэнд 70 гаруй жилийн түүхтэй Хужирт рашаан сувилал болон Элма, Ананд, Сэмжид, Мухар зэрэг сувиллын газрууд ажиллаж байна. Түүнчлэн энэ жил 250 хүний хүчин чадал бүхий “Хан Хужирт” рашаан сувилал 21 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдан ашиглалтад оржээ.
Мөн Тарагт сумын нутагт орших Хүрэмтийн халуун рашааныг түшиглэн Өгөөмөр сувиллын газар 2002 онд байгуулагдсан ба иргэд, ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг дэмжих, сэргээн засах, уламжлалт эмчилгээний болон рашаан, сувиллын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус амралтын газар энэ жил 1830 хүнд үйлчилгээ үзүүлжээ.
Бат-Өлзий сумын нутаг Хангайн нурууны байгалийн үзэсгэлэнт “Могойтын ам” хэмээх халуун рашаан бүхий газарт “Могойт Спа” рашаан сувилал байгуулагдаж, жилийн дөрвөн улиралд амрагч, аялагчдыг хүлээн авахаар бүтээн байгуулалт өргөтгөөд байгаа юм.
Аялал жуулчлалыг аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор байгалийн рашаан, элсийг ашиглан уламжлалт эмчилгээ явуулж буй үйлчилгээний газруудыг бодлогоор дэмжиж байна.