Малын гаралтай бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ экспортолж эхэллээ.
“Өв Мийт” махны үйлдвэр нь БНХАУ-д мах экспортлох эрх бүхий “Ulangab lzawa trading” компанитай 1500 тн үхрийн мах, 100 тн хонины мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, одоогийн байдлаар 666.1 тн мах бэлтгээд байгаа аж. Аймгаас тус үйлдвэрийг түшиглэн дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр байгуулж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох зорилттой байна.
Түүхий эдээ хөдөө аж ахуйн хоршоодоор дамжуулан малчид, мал бүхий иргэдээс худалдан авч, үндэсний болон олон улсын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг худалдан авагч, түншүүддээ нийлүүлэх зорилготой “Ноос ирээдүй” ХХК-ийн Арвайхээр дахь салбар жилд 3000 тн ноосонд анхан шатны боловсуулалт хийж, гадаад зах зээлд 70 хувийг нийлүүлж байна.
Баруунбаян-Улаан сумын “Гэгээтийн боргио” нөхөрлөл нь “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран ажиллаж, хонь, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, адууны дэлээр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн энэ оноос АНУ-д экспортолж эхэлжээ.
Мал, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуйн зохистой орчинг бүрдүүлж, гадаад зах зээлд гаргах боломжийг судлан хэрэгжүүлж эхлэх тухай заалтыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу дээрх аж ахуйн нэгжүүдэд аймгаас дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.