Зүүн хойд Азийн 5 улсад тулааны урлагийг хамтран хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-13 12:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монгол Улсын нийслэл дэх НҮБ-ын байранд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс “Зүүн хойд Азийн бүс нутгийн тулааны урлагийн 2018-форум”-ыг эхлүүллээ.


ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран уг форумыг өнөөдөр, маргааш буюу 12 дугаар сарын 13-14-нд зохион байгуулах юм.


Энэхүү форум нь Зүүн хойд Азийн улсуудын тулааны урлагийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцох, залуус болон эмэгтэйчүүдийг тулааны урлагаар хичээллэхийг хөхиүлэн дэмжих юм. Мөн тэдний тэгш оролцоог хангахад тулгарч байгаа саад бэрхшээлүүдийг тодорхой болгон шийдвэрлэх арга замыг эрэлхийлж шинэ санаа санаачлагыг хамтран гаргах зорилготой. Тус форумаар дамжуулан улс, үндэстэн бүрийн тулааны урлагийг хөгжүүлж, жендэрийн тэгш байдлыг хангах сайн туршлагаас хуваалцан бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьж байгаа юм.




Форумын эхэнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол боллоо.


Өнөөдөр эхэлсэн уг форумд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөллөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Федерик Рассел-Ривоаллан болон БНАСАУ, БНСУ, БНХАУ, Япон улсын Засгийн газрууд, тулааны урлагийн холбоодын 40 орчим төлөөлөгчид манай оронд ирж оролцож байна.




Энэ үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянгатай уулзан форумын зорилтын талаар сонирхлоо.


Тэрбээр: “Хоёр өдөр үргэлжлэх энэ форумын гол зорилго бол Зүүн хойд Азийн бүсийн энэ 5 улсад тулааны урлаг хэрхэн хөгжиж байгаа өнөөгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцоно. Ялангуяа охид, эмэгтэйчүүдийг тулааны урлагаар хичээлүүлэхийг дэмжиж хамтран ажиллаж, тэдний оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарна. Тулааны урлагийг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг тодруулж шийдвэрлэх арга зам, шинэ санаагаа нэгтгэж ажиллана. Саяхан болсон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын 13 дугаар чуулганаар БНАСАУ болон БНСУ хамтран солонгос үндэсний Сирым бөхөө нэр дэвшүүлж ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өв болгон бүртгүүлсэн байгаа” гэлээ. 

相关新闻