Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд байгууллагууд нэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Цагаан туузтаны өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Цагдаагийн газраас "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоног" аяныг зохион байгууллаа.
Аянаар хүчирхийлэлтэй тэмцэх, хүчирхийллийн улмаас гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөлийн ажлыг зохион байгуулж, “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй” гэсэн амлалтыг төрийн болон төрийн бус байгууллагуудын албан хаагчдаас авсан юм.
Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, “Эерэг бол Гоё-Харилцаа, хандлага, үйлдэл” гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлээд байна.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх “Цагаан туузтаны өдөр” 1991 оноос хойш бий болсон бөгөөд өдгөө дэлхийн 180 гаруй улс оронд тус өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтжээ. Тус аянд Монгол Улс 20 дахь жилдээ нэгдээд байна.