Азийн хөгжлийн банкны төслийн техник туслалцааны баг Ховдод ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-30 11:37:19

Ховд/МОНЦАМЭ/Азийн хөгжлийн банкны "Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр" техник туслалцааны төслийн баг Ховд аймагт ажиллав.

10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг хот байгуулалт, төлөвлөлт, хөдөөгийн болон бизнесийн хөгжлийн талаар судлах, орон нутгийн салбар бүрт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор энэ сарын 25-29-ны өдрүүдэд ажиллажээ.

Ховд аймгийн удирдлагууд өчигдөр төслийн багийнхантай уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн зорилго, зорилт, орон нутгийн салбар бүрт хийсэн судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, боломжуудын талаар санал солилцсон юм.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийн үйл ажиллагаа, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд нь Ховд хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөртэй уялдаж байгааг онцолж, иргэдийн оролцоотойгоор хамтран ажиллана” гэдгээ илэрхийлэв.

Мөн “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төсөл нь Ховд хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт цэвэр технологийн дагуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах, соёлын өв, уламжлалыг хадгалсан хуучин барилга байгууламжуудыг сэргээн засварлах, Мал аж ахуй, газар тариалан, хүнс, жижиг, дунд үйлдвэр гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагааг сайжруулах зорилготой аж.

Дээрх цогц үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, Гэр хорооллыг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох, Жаргалант сумын Наран, Тахилт багийн хөрсний нягтралыг сайжруулах, малын тэжээлийн ургамлыг усалгаат талбайд тариалах боломж бий болох юм.

Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” техник туслалцааны төслийг 10 жилийн хугацаанд олон шатлалт зээлийн шугамаар хэрэгжүүлэхээр болж, Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймагт төслийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхлээд байна. 


相关新闻