94 уртын дууч, 9 морин хуурчтай Төрийн хүндэтгэлийн дуу эгшиглүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-11-26 17:55:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр Төрийн ордонд  94 уртын дууч, 9 морин хуурчийн тоглолтыг зохион байгууллаа.

Уг тоглолтын үеэр Уяхан замбуу тивийн наран”,"Түмэн эх" “Энх мэндийн баяр","Эртний сайхан" зэрэг Төрийн хүндэтгэлийн арван дууг эгшиглүүлсэн юм.

Уртын дуу нь Монголын уламжлалт урлаг бөгөөд дууны үгээ нугалаа, айзам гарган сунжруулж, шуранхайлан дуулдаг тул ийн нэршжээ. Уртын дууны уужим тавиун аялгуу, хөг эгшгийн өргөн цараа, өвөрмөц намба төрхийг монголын уудам тэнүүн тал нутаг, цэлмэг хөх тэнгэр, нүүдэлч малчдын ажил амьдралын чөлөөт хэмнэл, аж төрөх ёсны онцлогтой холбон тайлбарлаж болно. Ёс заншил, сургаалийг илтгэсэн хүмүүжлийн чанартай үүргийг давхар агуулж байдаг. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.

相关新闻