Европ, Азийг урлагаар холбосон “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-29 15:40:36

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол-Германы хооронд дипломат харилцааны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн II шатны олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг “HUE” арт галерейд нээлээ.


Энэ үзэсгэлэн нь дүрслэх урлаг, үйлдэл болон инстоляц буюу өрөг урлаг, перформанс, модерн бүжиг, өндөр давтамжийн хөгжим, дуу хоолой зэрэг олон төрлийн бүтээлийг биечлэн үзэж, уран бүтээлчид болон куратороос нь тайлбар сонсох боломжийг бий болгосон байна.


Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, “Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулсны нэг нь өнөөдрийн үзэсгэлэн билээ. Энэ нь өнгөрсөн онд Германд, энэ жил Монгол Улсад үргэлжлэн зохион байгуулж буй хамтарсан төсөл юм. Мөн хоёр улсын соёлын хамтын ажиллагааны нэгэн тод илэрхийлэл юм. ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс стратегийн түншлэл тогтоож, Европын орнуудаас Монгол Улстай стратегийн харилцаа тогтоосон анхны улс болсон. Хоёр улс газар зүйн хувьд хол ч үнэт зүйлээрээ нягт холбогдож, соёл, боловсрол, шинжлэх ухааны хувьд ойр дотно харилцаатай байдаг. Бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийг тэмдэглэж байгаа боловч манай хоёр орны боловсролын хамтын ажиллагаа 100 жилийн түүхтэй. Ирэх жил анхны 35 монгол оюутан Германд суралцсаны түүхт 100 жилийн ой болно. Мөн “Их эзэн Чингис хаан”-ы үзэсгэлэн Германы Берлин хотноо нээнэ. Харин өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү үзэсгэлэн хоёр орны соёл, байгаль орчны хамтын ажиллагааг бэхжүүлэх, ард түмэн хоорондын найрсаг харилцааг илтгэх чухал үйл ажиллагаа” хэмээн ярилаа.



Харин ХБНГУ-аас төслийг санаачлагч, куратор Др.Грегор Янзен, “Манай үзэсгэлэнгийн хоёр дахь хэсгийг Монгол Улсад зохион байгуулж байна. Европ, Азийг урлагаар холбох, байгалиа зөв авч хамгаалах сэдэвт анхаарлаа хандуулсан юм. Байгаль орчны өөрчлөлт нь Европоос гадна Монголд ч нийгэм, улс төр, урлагийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж байгаа тул хүн төрөлхтөн дэлхийгээ хэрхэн хамтдаа эрүүл байлгах талаар эргэцүүлэх зорилготой. Германы уран бүтээлчид Монгол орны үзэсгэлэнт байгаль, уламжлалт соёл, эсгий урлалын өвийг судлан бүтээлдээ тусгасан нь тодхон харагдаж байна. Мөн үзэсгэлэн хүн, үндэстний хоорондын урлагийн харилцаа, дотоод амар амгалан, сэтгэлийн эрүүл мэндийн үнэ цэнийг онцлон харуулна” гэв.


Үзэсгэлэн ирэх сарын 30-ныг хүртэл “HUE” арт галерейд олны хүртээл болно. Улмаар ирэх арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн "Чингис хаан" үндэсний музейд шилжих аж. Монгол, Германы уран бүтээлчид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейд “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг хамтран зохион байгуулжээ.

 







 

相关新闻