Хүүхдийг төлөвшүүлэхэд эцэг эх, багшийн хамтын ажиллагаа онцгой чухлыг онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-24 19:48:21

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болсон “Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо” аймгийн зөвлөлгөөний үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил хойч үе болсон үр хүүхдээ эрүүл орчинд зөв хүн болгон төлөвшүүлж, хүүхэд нэг бүрийг бүтээлч сэтгэлгээтэй болгож, сурлага, спорт, урлагийн авъяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд хүүхэд, эцэг эх, багшийн хамтын ажиллагаа онцгой чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

Зөвлөлгөөнийг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа хэлсэн үгэндээ “Мэдээлэл, харилцааны технологи өндөр хөгжиж цахимжсан, нийгмийн сэтгэл зүй эмзэг болсон өнөөгийн нийгэмд эцэг эхчүүд өөрсдийн ирээдүй болсон үр хүүхдээ хэрхэн эрүүл аюулгүй орчинд зөв хүмүүжүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлуудыг яаж шийдвэрлэх, сургууль, цэцэрлэг, гэр бүлийн хүрээнд эцэг эхийн хамтын ажиллагааг хэрхэн яаж сайжруулахад энэ удаагийн зөвлөлгөөний зорилго, ач холбогдол оршиж байна” гэлээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил, нийгмээ даган хөгжиж байгаа энэ цаг үед аймгийн удирдлагын баг гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр уламжлалт Монгол соёл, ахуй, тоглоом, унаган байгальтайгаа илүү ойр дотно танилцах эко ажил арга хэмжээг ихээр зохион байгуулж, хүүхэд багачуудаа татан оролцуулж байна гэлээ. Мөн 2018 оны эхний 10 сарын байдлаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 80 гаруй сая төгрөгийг улс, тив, дэлхийн тэмцээнд оролцсон баг тамирчид, уран зохиол, урлаг соёлын авъяастнууддаа дэмжлэг болгон зарцуулсан байна.  

Энэ сарын 23-ны өдөр  болсон эл арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ш.Оргил, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн М.Одонцэцэг, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, ГБХЗГ-ын дарга П.Оюун, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Энхбат нарын албаны хүмүүс, аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

相关新闻