Богд Жавзандамба хутагтуудын хөрөг бүтээлүүд Дүрслэх урлагийн музейд "залрав"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-23 17:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. XVII-XX зууны үеийн Богд Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг төрлөөр бүтээсэн нэгэн сонирхолтой үзэсгэлэн өнөөдрөөс Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үзэгчдийн хүртээл болж байна.

Монголын тусгаар тогтнол, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан толилуулж буй тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс оёмол, зээгт наамал, танка буюу шүтээн зураг, дармал, сийлбэр, гэрэл зураг, цутгуур, шавар урлал зэрэг урлагийн төрлөөр бүтээсэн 8 богдын дүрслэл бүхий 90 гаруй үзмэрийг үзэгчдэд толилуулж буй юм. Энэхүү үзмэрийн 80 гаруй хувь нь олон нийтэд анх удаа хүрч буйгаараа онцлогтой бөгөөд XVII-XX зууны эхэн үеийг хүртэл Монголын Жавзандамба хутагтуудын дүр дүрслэлийг бүтээж байсан хөрөг зургийн уламжлал, дэг хэрхэн хөгжиж ирснийг харуулах юм.

Жавзандамба хутагтууд нь Монгол Улсын шашин, төр, соёлын түүхэнд томоохон шинэчлэл хийж, тэргүүлэх байр суурьтай оролцож байсан бөгөөд Монголд Жавзандамба хутагтын 8 хувилгаан дүр тодорч ширээнд залагдсан түүхтэй. Дээрх дүрээс Анхдугаар ба II дүр нь Монгол хүн байсан бол бусад нь Төвдөөс тодорч Монголын шашны тэргүүний ширээнд заларсан ажээ. Монгол орноо XVII зуунаас Богд Жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалт хийсээр ирснийг намтар түүхийн хуудаснаа олноор дурдсан байдаг. 


Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа хэлэхдээ, “Манай музейн сан хөмрөгт нийт 20 гаруй мянган үзмэр бий. Монголын урчууд Богдуудыг бурханчилж зурч байсан нь хөрөг зургийн уламжлал, дэг сургуулийг эхлүүлсэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн судалгаа эргэлтэд орж, эрдэмтэн судлаачдын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Монголын Богдууд, тэдний дүр дүрслэл, тэднийг монголчууд хэрхэн шүтэж ирснийг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой” гэв.



“Монголын Богд Жавзандамба хутагтуудын судлал эрчимтэй хөгжиж буй бөгөөд Анхдугаар Богд буюу Өндөр гэгээн Занабазар, VIII Богд Жавзандамба хутагттай хамаарах эрдэм шинжилгээ судалгааны мэдээ сэлт болон баримт тэдгээрийн дүр хөрөг зургуудыг дорвитой судалсан байдаг бол II,III, IV, V, VI, VII Богдын талаар төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс энэ удаа эдгээр Богдын дүрийг олон нийт, судлаачдад таниулахаар өргөн барьж байна. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарыг судартай, хонхтой, очиртой, ууц таллаж буйгаар дүрсэлсэн байдаг. Ерөнхийдөө Богдуудыг хонхтой, очиртой, урдуураа тахилуудтай, эрдэнэ тэвэрсэн арслан ширээнд залсан, шүтээн зургийн тигийн дагуу арын хэсэгт монгол орны уул ус, ургамал цэцгийг монгол ухаанаар уран тод дүрсэлж ирсэн. Тухайлбал, XIX зууны эхэн үед бүтээсэн VIII Богд Жавзандамба хутагтын дүрийг зээгт наамлын хэлбэрээр бүтээсэн. Түүний түүх намтарт тэрбээр урчуудыг дэмждэг, урчуудтай ойр ажилладаг байсныг дурдсан байдаг. Тухайлбал, Марзан Шаравыг тэтгэж байсан бөгөөд Богдын ивээлд багтсан зураач гэдгээрээ Их хүрээний урлагт алдаршжээ. Тэрбээр VIII Богд Жавзандамба хутагтыг хар цагаан өнгийн гэрэл зурагнаас нь харж хөрөг хэлбэрээр зурсан хувилбарыг үзэсгэлэнд дэлгэсэн” хэмээн Дүрслэх урлагийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Д.Гоомарал тайлбарлалаа.


Тус үзэсгэлэн 2019 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэл үргэлжилнэ.

相关新闻