Хоёр аймгийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 21:12:10

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс тунхагласны 94 жилийн ойн өдрийг угтан Баянхонгор аймгийн ЗДТГ, Угсаатны зүйн музей Өвөрхангай аймгийн Түүхийн музейтэй хамтран анхны үзэсгэлэнгээ нээлээ. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойг угтсан ажлын хүрээнд дэлгэж буй тус үзэсгэлэн түүхэн гэрэл зураг, эдлэл хэрэглэлээс бүрджээ.

Аймгийн Угсаатны зүйн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ЗДТГ-ын хамт олон, хоёр аймгийн музейн хамт олон, ард иргэд оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Батжаргал Сайн Ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн монголын түүхэнд оруулсан хувь нэмэр, гавьяаг онцлон дурдаад, үзэсгэлэнг хүүхэд залуучууд үзэж, эх орон, тусгаар тонтнолынхоо утга учир, үнэ цэнийг мэдэрч ойлгох ёстойг онцлон тэмдэглэлээ.

Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөрхангай аймгийн музейгээс 80 гаруй, Баянхонгор аймгийн Угсаатны зүйн музейгээс 10 гаруй үзмэр дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнд ховор нандин зураг, бичлэгийг дэлгэн гаргасны сацуу түүний хатад, хүүхдийн талаарх баримтыг ч дэлгэжээ.

Үзэсгэлэн долоо хоног гарах юм байна. 

相关新闻