Тарвага олноор нь агнаж, тээвэрлэж явсныг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 21:08:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ой, ан, байгалийн ургамал бэлтгэж байгаа байдалд цаг үеийн шинжтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт Баянхонгор аймагт болж байна.

Аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтарсан тус хяналт шалгалтын явцад хууль бусаар их хэмжээний тарвагыг агнан хөлдөөж, түүнийгээ тээвэрлэж явсныг илрүүлэн хураан авчээ. Хураасан тарвагануудыг Зооноз өвчин судлалын төвийн лабораторид 24-48 цагийн дотор халдваргүйжүүлж устгуулахаар хүлээлгэн өгч, зөрчил гаргасан иргэнийг зөрчлийн хэрэг нээж аймгийн Прокурорт шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Зун улирал гэлтгүй намар, өвлийн улиралд ч тарваганы мах, түүхий эдийг нь зарж борлуулах, боловсруулалгүй хэрэглэх нь давтагддаг. Худалдааны төвүүд болон гар дээрээс түүхий мах, тулам, боодог, хүн мах, бөөр, элэг, цөс, нойр булчирхай, давсаг зэргийг нь худалдах, өмхийрч муудсан махыг хот, суурин газарт ил задгай хаядаг нь халдвар тархах эрсдэл үүсгэдэг байна. Тиймээс иргэд анхаарал, болгоомжтой байж өөрсдийнхөө амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. 

相关新闻