“Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 757 иргэнийг ажлын байраар хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Өрхийн гишүүдээс хэн нь ч ажил хийдэггүй айлаас нэг хүнийг ажлын байраар хангах “Эрдэнэтчүүд, Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд 2018 онд 757 иргэн ажлын байртай болжээ.
Тодруулбал, 40-өөс дээш насны 24 иргэн зургаан сарын хугацаанд олон нийтийг хамарсан ажилд оролцож 34.5 сая төгрөгийн цалин авсан байна. Мөн Баян-Өндөр, Жаргалант сумын 24 багаас 26 иргэнд өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь тоног, төхөөрөмж болон санхүүгийн дэмжлэг үзүүлж 50 сая төгрөг олгожээ. Үүний үр дүнд 331 хүн түр, 90 гаруй хүн байнгын ажлын байртай болсон байна. Мөн 55 иргэнийг мэргэжлийн чи баримжаа олгох сургалтад хамруулж үнэмлэх олгожээ.
Ийнхүү ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгоор хоёр дахь жилдээ хэрэгжиж буй дээрх хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэхдээ байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн салбар зөвлөлийн хурлын үеэр онцоллоо.