Цогтцэций сумын эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн Эрүүл мэндийн цогц чанартай оношлогоо эмчилгээний тусламжийг хүргэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зорилтын хүрээнд Цогтцэций сум дундын эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргүүлсэн байна.
Тус эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийг өвчтөний хяналтын монитор, эх барихын мэс заслын иж бүрдэл, ургийн монитор /кардиотограф/, сорох төхөөрөмж, дуслын автомат шахуурга, тарианы автомат шахуурга, вакуум экстрактор, эх барих эмэгтэйчүүдийн багажны иж бүрдэл зэрэг нийт 25 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн төсвөөр хангалаа.
Цогтцэций суманд одоо 360 эх жирэмсний хяналтанд байгаа бөгөөд өнгөрсөн жил 108 эх сумандаа төржээ. Сумын нийт суурин хүн ам 7300, хөдөлгөөнт хүн ам 13 мянга байгаа юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн