Эх хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-16 12:24:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Эх, хүүхдийг агаарын бохирдлоос хамгаалах 15.2 сая ам.долларын санхүүжилттэй хөтөлбөрийг Баянхонгор аймаг хамтран хэрэгжүүлнэ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт, тэр дундаа хүн ам олноор суурьшсан аймгийн төвүүдэд утааны асуудал уршиг тарих хэмжээнд хүрсэн. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн сан Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн газар хамтран Баянхонгор аймаг, Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн 10.4 сая ам.долларыг НҮБ-ын Хүүхдийг ивээх сан, 4.8 сая ам.долларыг Швейцарийн хөгжлийн агентлаг тус тус гаргах юм байна. Хөтөлбөрийн хэлэлцүүлэг хуралд аймгийн Засаг дарга Г.Батжаргал оролцож Баянхонгор аймаг дахь агаарын бохирдлын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна.

Баянхонгор аймгийн төвийн хувьд агаарын бохирдол анхаарал татсан асуудал болоод байгаа юм. Тиймээс уг хөтөлбөрт тус аймаг идэвхтэй хамтран ажиллаж, бодитой үр дүн гаргах болно гэдгийг аймгийн Засаг дарга онцолж байлаа. 2018-2021 оны хооронд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, мөн өвлийн улиралд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд ажиллахаар төлөвлөжээ. Хамтарсан хөтөлбөр хэрэгжсэнээр агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалж, бодит тоо баримт гаргах, сургуулийн өмнөх насны хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрсдэлийг бууруулах, үндэсний хэмжээний бодлого боловсруулах ажлыг хийх аж.

Баянхонгор аймагт нийт 27.700 хүүхдийн 11 мянга гаруй нь буюу гурван хүүхэд тутмын нэг нь жил бүр амьсгалын замын өвчлөлөөр эмнэлэгт хандаж байна. Тиймээс аймгийн төвүүд дэх гэр хорооллын уурын зуухны тоог багасгах ёстой хэмээн аймгийн удирдлагууд үзэж буй. "Утаа гаргадаг цэг л бол ямар нэгэн байдлаар агаарын чанарт нөлөөлж байгаа учир цахилгаан эрчим хүчээр дамжуулан айл өрхийг цахилгаан халаагуурт холбох хэрэгтэй. Ирэх хавраас БНСУ-ын зээлийн хөрөнгөөр аймгийн төвийг дулааны станцад холбох ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна" хэмээн аймгийн Засаг дарга ярив.

相关新闻