Дэлгүүр, худалдааны төвүүдийг үйлчилгээгээ өглөө эрт эхлүүлэхийг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы Бизнес эрхлэгч
эмэгтэйчүүдийн холбооноос аймгийнхаа үйлчилгээний газрууд болон дэлгүүр, худалдааны төвүүдийг өглөөний 9.00 цагт
үүдээ нээж үйлчилгээгээ эхлүүлэхийг уриалжээ.
Аймгийн төв Улиастай сумын дэлгүүр, худалдааны төв, цайны газруудын үйлчилгээ өглөөний 11.00 цагаас л жигдэрдэг бөгөөд 9.00-10.00 цагт үйлчилгээний газрууд, дэлгүүр захын үйл ажиллагаа эхэлдэггүйгээс дайран өнгөрч, аялж зугаалж яваа болон аймгийн төвд суурьшиж буй иргэд үйлчилгээний газруудыг нь онгойхыг хүлээж цаг алддаг. Тиймээс "бизнес эрхлэгчдийг ажил хэргээ илүү өргөтгөх, үйлчлүүлэгчдээ татахын тулд өглөөний 9.00 цагт үйлчилгээгээ эхлүүлж үдшийн 18.00 цагт дуусгаж хэвших хэрэгтэйг манай холбооноос уриалаад байгаа. Энэхүү уриалгыг цахим орчинд мэдээлснээр өнөөдрийн байдлаар тус холбооны гишүүн, 30 гаруй бизнес эрхлэгч үйлчилгээгээ 9.00 цагт эхлүүлдэг болоод байна. Ер нь бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчээ хэрхэн яаж татахаа үйлчилгээ үзүүлэх цагийн хуваариасаа эхлэх нь зөв юм. Нэмж дуулгахад манай холбооны 25 жилийн ой энэ жил тохиож байгаа. Бид холбооныхоо ойд зориулж бизнес эрхлэгчид рүүгээ хандсан хэд хэдэн бүтээлч ажлуудыг эхлүүлээд байгаа" хэмээн Завханы Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэв.
Б.Мягмарсүрэн