Х.Сундуйдагва:Заавал үнэтэй хүлэмж авах шаардлагагүй байгалийн хүлэмж чинь эко шүү дээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р багийн өндөр настан Халтарын Сундуйдагва
гуай Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт 25 жил ажиллаж байгаад гавьяаныхаа
амралтанд гарчээ. Тэтгэвэрт гараад зүгээр суусангүй. Өөртөө ажлын байр гаргаж,
бусдад түгээхүйц шинэлэг ажлыг санаачлан хийсэн байна. Буурай тэтгэвэрт гараад
таван жил болж байгаа гэнэ. Ингээд гэр хороололд нүүн очиж өөртөө ажлын байр
гаргахаар шийдэн ногоо тарьж эхэлсэн аж. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.
-Сайн байна уу. Та
их сайхан хүлэмж барьжээ. Хүлэмж барих санаа хэрхэн төрөв. Түүхээ хуваалцаач
та?
-Олон жил үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан.
Зүгээр яаж суухав гээд хороололд гарсан. Тэгээд гялгар уутаар хүлэмж бариад
ногоо тарьсан. Тэр маань урагдаад тэсэхгүй юм билээ. Тэгээд эхлээд бодож
байгаад ундааны саваар жижигхэн газар хүлэмж барьж туршиж үзсэн. Болж байхаар
нь томруулаад хүлэмж бариад ногоогоо тарьсан. Их уйгагүй хөдөлмөр ордог юм. Хөдөлж
байхад биед сайн. Хүмүүс ганцаардлаа нийгмээс гадуурхагдлаа гэдэг. Миний хувьд
өөрөө өөртөө ажлын байр гаргаад, сонирхсон зүйлээ хийгээд байхаар их сайхан
байдаг. Хүүхдүүддээ, хүмүүст төвөг болохгүй сайхан шүү дээ. Би өргөст хэмх, улаан
лооль ихэвчлэн тарьдаг. Миний барьсан хүлэмж 8х4 харьцаатай. Тэтгэвэртээ гараад
ногоо тарина гэж зүүдлээгүй явлаа ш дээ. Хүний амьдрал сонин гэдэг энэ л байх
даа. Ногоо тарихын тулд хүмүүсээс туршлага судалж байгаад тарьсан. Эхэндээ найз
нөхөд, хамаатан садан, үр хүүхдүүд хог түүлээ энэ тэр гэж их л загнасан. Би зөрүүдэлсээр
түүсээр байв. Ингэж хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр үнэтэй чамин хүлэмжээс
дутахааргүй сайхан хүлэмж барьж чадлаа.
-Таны хүлэмжийг харж байхад нэгэн
ижлээр нь углуурагдаад хийсэн харагдана. Бас их нарийн хийцтэй юм аа даа?
-Тийм
шүү. Савныхаа ёроолыг нь тайраад ижил ижлээр нь углуурагдаад хийнэ. Яг хэмжээ
хэмжээгээр нь өөр хооронд нь хийхгүй бол таарахгүй юм билээ. Эхэн үедээ
мэдэхгүй хамаагүй хийгээд байсан ер болж өгөхгүй, хоорондоо таарахгүй байсан. Дахин
дахин хийгээд ирэхээр туршлага суудаг юм байна. Тэгээд хүлэмжээ барьсан ач
тусаа надад өгсөөн.
-Таны
хүлэмжний дээвэр нь зайтай юм аа. Бас хажуу ханаа нийлэг уутаар доторлож өгсөн
харагдана. Энэ ямар учиртай байх уу?
-Бороо ороод доошоо унахдаа энэ сав дээр бууж зөөллөнө.
Тэгээд доошоо орохдоо тарьсан ногоог минь гэмтээлгүй зөөлөн бууж усалгаа болж өгдөг.
Нялх ногоог гэмтээхгүй зөөлөн сайхан
усалж байна шүү дээ. Энэ хурын ус гэдэг чинь шим болохоос гадна давхар бордоо
болдог. Мөн дээврийн зайгаар нар тусахдаа шууд тусч хурц тусгалаараа таримал ургамал
гэмтээхгүй зөөлөн тусна. Мөн завсараар агааржуулалт өгөгдөнө. Хойноосоо жавар
хааж хананаас нь доторлогоо хийсэн байгаа. Хүн юмыг хийж л байж улам
туршлагаждаг юм байна. Би өөрөө хийх бүртээ илүү шинэ өөр зүйлийг мэдэж авч,
туршлага сууж байна шүү дээ.
-Таны
хүлэмж их эко юм аа. Бусад хүмүүс туршлага судалж байна уу?
-Судалж байгаа. Манай хөршүүд их сонирхож байна. Би хэдэн
айлд зааж өгч хийлгэсэн. Бас Орхон сумын айлууд ирж үзэж хараад судлаад явсан.
-Таны
хүлэмжид хичнээн сав оров. Битүү гялгар уутаар хийсэн хүлэмж их халуун бүгчим
байдаг. Таных агаарын солилцоотой болохоор тийм биш байхаа?
-Энэ 4х8 харьцаатай хүлэмж барихад 2000 гаруй сав
орсон. Гялгар ууттай хүлэмжид орохоор их бүгчим байдаг болохоор хөгшин даралт
ихтэй хүмүүст сөрөг нөлөөтэй. Харин миний энэ хүлэмж яг температур нь таарна.
Борооны ус ордог болохоор өдөр бүр услах шаардлагагүй. Бас агаарын солилцоотой
болохоор халуун, хүйтэн нь яг таардаг.
-Хүлэмжээ
хавартаа ногоо тариахаас гадна өвөлдөө юунд ашиглаж байна вэ?
-Хавар хөгшин бид хоёр ногоогоо тарина. Харин өвөлдөө
модоо, нүүрсээ хадгалдаг. Нэг ёсондоо манай агуулах юм даа.
-Та
зөвхөн хүлэмж бариад зогсохгүй хайс, хүүхдийн тоглоомын сүүдрэвч, ногооны хашаа
гээд зөндөө юм хийжээ. Цаашид өөр юу хийх бодолтой байна. Маш олон сав
цуглуулаад нөөцөлсөн байх чинь?
-Өө тийм. Би тахианы хашаа, цэцгийн мандал барих гээд
цууглуулсан юм.
-Та энэ
жил хичнээн хэмжээний ногоо хурааж авав. Тарьсан ногоогоо хурааж аваад
борлуулалт хийдэг үү?
-Хөгшин
бид хоёр энэ жил 30 гаруй кг ногоо хурааж авсан. Ихэнхдээ өргөст хэмх, улаан
лооль тарьсан. Ах дүү нартаа, хүүхдүүддээ өгөөд өөрсдийнхөө хэрэгцээнд зарцуулдаг.
Зарж борлуулдаггүй юм.