"Бяцхан цагдаа" тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Бяцхан цагдаа" тэмцээн зохион байгууллаа.
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэг зорилготой уг арга хэмжээнд аймгийн төвийн 14 цэцэрлэгийн 100 орчим хүүхэд оролцлоо.
Тэмцээнд хүүхдүүд осол, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх агуулгатай мэндчилгээ, замын хөдөлгөөний зохицуулагч хийх, үзүүлбэр жүжиг тавих зэрэг төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
"Тус аймагт сүүлийн үед бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх, хохирох явдал маш их гарч байна. Тийм учраас хүүхдүүдэд багаас нь замын хөдөлгөөн, тэмдэг, тэмдэглэгээний тухай мэдлэг, дадал хэвшил олгох шаардлагатай байгаа" гэдгийг Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн К.Ёлка онцоллоо.
Дашрамд хэлэхэд, Баян-Өлгий аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 12 гэмт хэрэг бүртгэгдэж, зургаан хүүхэд хохироод байгаа ажээ.