Аймгийн Засаг дарга А.Гылымхан “NEAR”-ын ХІІ бүгд хуралд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-31 11:22:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан БНХАУ-ын Хунань мужийн Жанжиажэ хотод энэ сарын 29-ний өдөр зохион байгуулсан NEAR буюу Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны 12 дугаар бүгд хуралд оролцлоо.

Тус хуралд тус холбооны гишүүн таван улсын 77 муж, аймгуудаас төлөөлөл оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон, Өвөрхангай, Увс, Архангай, Дундговь аймгийн удирдлагууд,  ИТХ-ын тэргүүлэгчид багтсан байна.

Ээлжит бүгд хурлаар гишүүн орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх асуудлуудыг хэлэлцсэн аж.

NEAR нь Зүүн хойд Азийн зургаан улсын засаг захиргааны нэгж буюу муж, аймаг, бие даасан хотуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны есдүгээр сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон орны 77 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 660.5 сая хүн амыг хамруулан үйл ажиллагаа явуулдаг байна. 

相关新闻