Алслагдсан сумын иргэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг орон нутагтаа авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЭМС-ийн брэнд ажил “Бид хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндийг нь хамгаална” уриан дор зохион байгуулдаг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт энэ сарын 26-28-ны өдрүүдэд хамгийн алслагдсан сум Орхонтуул сум, Рашаант тосгоны иргэдийг хамрууллаа.
Аймгийн төвөөсөө
240 гаруй км-ийн зайд алслагдан оршдог Орхонтуулчуудын 70 гаруй хувийг энэхүү
эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 15 төрлийн нарийн мэргэжлийн эмч нарын
үзлэг болон зургаан төрлийн оношлогоо,
шинжилгээ хийжээ. Мөн үзлэгийн
үеэр цээжний хөндийн эмгэг илрүүлэх баг 50 хүнээс сорьц авч дараагийн шатны
шинжилгээнд шилжүүлж, нарийн мэргэжлийн эмч нар найман иргэнийг 13а маягтаар гурав
дахь шатлалын эмнэлэгт тус тус илгээн ажилласан байна. Түүнчлэн
үзлэг шинжилгээ хийхийн зэрэгцээ иргэдэд мэдээлэл сургалт,
сурталчилгааны ажлыг давхар явуулжээ. Үзлэгт хамрагдсан иргэдийн
27.7 хувь нь цусны даралт ихдэх өвчтэй
байсан бол цусан дахь сахар тодорхойлох
шинжилгээгээр найман иргэнд чихрийн шижин өвчнийг
шинээр илрүүлэн дотрын эмчийн хяналтад оруулсан
аж.
Ийнхүү алслагдсан
сумын иргэдэд орон нутагт нь очиж эрүүл мэндийн цогц үзлэг, оношлогоог хийж
байгаа нь ард иргэдийн эдийн засаг болоод цагийг хэмнэсэн, хүндрэл бэрхшээлийг
бууруулсан сайхан арга хэмжээ болж байна
хэмээн сумын иргэд талархаж буйгаа
илэрхийллээ.