Баянхонгор хуванцар савгүй аймаг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, эрүүл ахуй, чанар аюулгүй байдлыг хангах нь тулгамдсан асуудлын нэг мөн болохыг Баянхонгор аймгийн удирдлагууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Тиймээс ч дээрх сэдвээр малчид, сүү сүүн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийн уулзалт, зөвлөлгөөнийг Баянхонгор хотноо зохион явууллаа.
Тус хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Баянхонгор аймаг дахь Хүний эрхийн салбар комисс, “Заша өвс” нийгэмд үйлчлэх ТББ хамтран зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт аймгийн төвд сүү, цагаан идээ нийлүүлдэг, худалдан борлуулдаг Өлзийт, Эрдэнэцогт, Баян-Овоо, Баянхонгор сумдын 200 гаруй малчид, худалдаа эрхлэгчид оролцсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр хуванцар сав хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь сэдвээр ЭМГ-ын мэргэжилтэн А.Өлзиймөнх, Хүнсний бүтээгдэхүүн сав баглаа боодлын эрүүл ахуй, Чанар аюулгүй байдал, өнөөгийн тулгамдсан асуудал сэдвээр “Заша өвс төв” НҮТББ-ын тэргүүн Р.Нямдорж нар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр манай улсын нийт 170 мянган малчин өрхийн өдөр тутмын ахуйн хэрэглээнд өргөнөөр ашиглагдаж байгаа химийн бодисын буюу хүнсний бус зориулалтын хуванцар савны хэрэглээ нь зөвхөн малчдын төдийгүй, нийт хүн амын нийгмийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Энэ нь улмаар хүн амын дундах өвчлөлийн нэг бодит хүчин зүйл, шалтгаан болж үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна. Иймд тус хэлэлцүүлэгт оролцсон иргэд, малчид хөдөлмөрчдөөс ҮАБ-ын зөвлөл, Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ХХААХҮЯ-нд хандсан илгээх бичиг, нийт ард иргэдэд хандсан уриалгыг тус тус гаргалаа. Мөн хүнсний бус зориулалтын хуванцар савгүй аймаг болох төслийг иргэдээс гарсан тодорхой саналуудыг тусган хэлэлцүүлэгт оролцогчид баталсан байна.
Б.Мөнхзул