"Маамуу нааш ир" дууны төрсөн өдөр тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-10-26 09:43:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хонгор нутгийн хөвүүн, нэрт яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн үг, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын ая "Маамуу нааш ир" дууны "төрсөн өдөр" тохиолоо.
Монгол Улсад хамгийн алдартай хүүхдийн дуугаар зүй ёсоор нэрлэгддэг "Маамуу нааш ир" дууг 1956 оны 10 дугаар сарын 25-нд олны хүртээл болгож байжээ. Дууны 60 жилийн ой 2016 онд, дууны үгийг бичсэн Яруу найрагч Ч.Лхамсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой улирагч онд тохиосон.
Уг дуунд зориулсан хөшөө Улаанбаатар хотын Хүүхдийн төв ордны баруун талд байдаг бол Ч.Лхамсүрэнгийн гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Баянхонгор аймгийн Ном соёлын өргөөний өмнөх талбайд байдаг.
Яруу найрагч Ч.Лхамсүрэн /1917-1979/ 1917 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үг, хүүхдийн зохиолч тэрээр дөчөөд онд худалдааны сургууль, 1965 онд Москвагийн А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсчээ.
1938 оноос зохиол бүтээлээ туурвиж, 40 шахам ном түүвэр хэвлүүлсэн бөгөөд түүний олон зохиол нь ЗХУ-ын Орос болон бусад хэлэнд орчуулагдан хэвлэгдсэн байдаг. Яруу найргийн бүтээлүүд нь ардын аман зохиол дээр үндэслэгдсэн байдгаараа онцлог бөгөөд Ч.Лхамсүрэнгийн бичсэн олон шүлэг нь ард түмний дунд түгээмэл дуунууд болсон байна.
Тэрээр 1962 онд “Хүрэн морь” найраглал, "Маамуу нааш ир” зэрэг хүүхдийн дууны шүлгээрээ төрийн шагнал хүртэж байжээ.

Маамуу нааш ир
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Морь унаж давхия аа
Машин барьж явъя аа
Ном сонин уншъя аа
Ногоон модоо тойръё оо
Маамуу нааш ир
Манайд хоёулаа тоглоё
Ах эгч хоёрын
Авчирсан тоглоом бий шүү
Хүрэн баавгай хөтөлье өө
Хүчит заанаа тууя аа
Хүүхэлдэйнхээ хамтаар
Хөөрхөн тоглоомоор тоглоё оо
Б.Мөнхзул
相关新闻