6000 орчим ном судар "дээлээ солив"
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛJCI Capital салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сан хамтран хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төслийн 2016 оны нээлтийн ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн Үнэт ховор номын үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Тус төсөл нь баринтагийг хандивын аргаар бүтээх, соёлын түүхэн үнэт ховор өвийг хамгаалах, оюутан, сурагч, залуусыг номтой нөхөрлөх, номын сангийн үйл ажиллагаатай танилцуулах, хүүхэд багачуудад номын баринтаг хэрхэн хийх аргачлалыг таниулах зорилготой.
Энэхүү төслийг өнгөрсөн оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжиж эхэлснээр өнгөрсөн жил Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн архивт хадгалагдаж буй 6000 орчим ном судар, соёлын үнэт өв шинэ дээлээр гоёжээ. Тэгвэл энэ жил нийт 10 мянган ном судрыг баринтагжуулах юм.
JCI Capital салбар байгууллагын 2016 оны төслийн хорооны захирал Д.Хандсүрэн, “Монголчуудын олон зууныг дамжиж өнөө хүртэл уламжлан ирсэн үндэсний өв, бичиг, соёлын түүх болсон судар номууд болох соёлын үнэт бүтээлүүдийг хойч үедээ хэвээр нь хадгалан авч үлдэх ёстой. Дээр үед номын хавтас гэж байгаагүй. Ном судрыг баринтаглаж хэрэглээг нь уртасгаснаар 200 орчим жил хадгалах боломжтой. Энэ төсөл түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдолтой төдийгүй ажил эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдэд гэрээрээ хөдөлмөр эрхэлж тодорхой орлоготой болгох боломжийг олгож байгаа” гэв.
Энэ үеэр гэр бүл, найз нөхөд, хамт олон, байгууллагаараа 108 баринтагаас дээш хандивлагч нарыг батламжилж урамшуулсан юм. Тухайлбал, Д.Сүхбаатарын нэрэмжит II сургууль, СХД-ийн 67 дугаар сургуулийн хамт олонд өргөмжлөл гардуулав. СБД-ийн II сургууль жил бүр 108 баринтаг хандивладаг бол 67 дугаар сургуулийн сурагчид нийт 1542 баринтаг хандивласан байна.
Гурван жил үргэлжлэх төслийн хүрээнд нийт 30 мянга орчим номыг шинэ баринтаг, дээлтэй болгох юм байна. JCI Capital салбар байгууллагаас ном судрыг гэмтэж устаж үгүй болох эрсдлээс сэргийлж баринтагжуулан шинэчлэхэд идэвхтэй оролцохыг байгууллага, олон нийт, иргэд, оюутан сурагчдад уриалав.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр