Өлгий хотын төв талбайд М.Икей баатрын хөшөөг босгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит VI хуралдаанаар 2020 онд тохиох тус аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Өлгий хотын төв талбайд Монгол Улсын баатар Мазимын Икейн хөшөөг босгох шийдвэрийг 10 дугаар сарын 10-нд гаргалаа.
Хуралдааны үеэр Монгол Улсын төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, барималч Л.Ганхуяг, зураач, барималч А.Нурдыхан нар өөрсдийн зураг, макетийг танилцууллаа. Хурлын төлөөлөгчид хөшөө босгох ажлыг 100 хувь дэмжиж, хөшөөний хийц загварын талаар өөрсдийн саналаа хэлэв.
Түүнчлэн сонгодог хийц бүхий өнгө үзэмжтэй хөшөө босгох, шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлүүлэх, баатрын гавьяаг олон нийтэд сурталчлахыг аймгийн Засаг даргад үүрэг болгов.
М.Икей нь Халхын голын байлдааны үед VI морьт дивизийн сумангийн захирагч байжээ. 1939 оны VII сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд сумангаа чадамгай удирдан хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулж, баатарлагаар тулалдан амь эрсдэжээ. 1979 онд түүнийг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнасан ажээ.
Ө.Нурболат