Шинэ суурьшлын бүсийн багийн төв ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын зургадугаар багийн төвийн барилгыг улсын комисс хүлээн авчээ. Өмнөговь аймгийн ЗДТГ-аас зарласан "Бүтээн байгуулалтын жил"-ийн хүрээнд II, VI, VIII багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж байгаа юм. Энэхүү бүтээн байгуулалтуудаас зургадугаар багийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг байнгын ашиглалтад авах улсын комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Даланзадгад сумын Их уулын зургадугаар баг нь 4300 гаруй иргэнтэй бөгөөд хоёр давхар шинэ багийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийг байгуулснаар тус багийн иргэдэд төрийн болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг ая тухтай, тохилог орчинд хүргэх нөхцөл бүрдэж буй.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар уг барилгын ажлыг "Оршдос" ХХК гүйцэтгэжээ. Даланзадгад сум нь шинэ суурьшлын бүс рүү тэлж байгаа бөгөөд байршил нь тус багийн нутаг дэвсгэр юм.
Д.Мишигсүрэн