Үерийн гамшигт нэрвэгдсэн 10 өрх орон байртай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдэж, орон гэрээ алдсан 10 өрхөд "Манна хөгжил" төрийн бус байгууллага бүрэн тавилгатай гэр олголоо.
"Манна хөгжил" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Чимгээ, "Аймгийн
ИТХ-ын дарга Д.Бауыржан манай байгууллагад орон гэргүй болсон айлуудад туслах
санал тавьсан.Үүний дагуу бид өнгөрсөн наймдугаар сард газар дээр нь ирж ажиллаж зайлшгүй тусламж шаардлагатай өрхүүдийн судалгааг авсан байгаа. Өнөөдөр нийт 35 гэр бүлд тусламж
үзүүлнэ. Үүнээс 10 айлд бүрэн тавилгатай гэр, 25 айлын 108 хүнд хувцас олгож байна" хэмээлээ.
Уг арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар оролцож, хандивлагч байгууллагад талархал илэрхийллээ. Мөн дээрх төрийн бус байгууллагын зөвлөх Брайн Боллдыг "Баян-Өлгий аймгийн хүндэт тэмдэг"-ээр шагнаж, ард иргэдийн өмнөөс талархал илэрхийллээ.
Дашрамд сануулахад, өнгөрөгч зун үерийн гамшгийн
улмаас тус аймгийн Өлгий сумын II, III, XII, XIII багийн 110 өрхийн байшин нурж, 154 өрх орон байрандаа амьдрах боломжгүй болсон юм. Одоогоор Монгол
Улсын Засгийн газар, олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн
хандиваар нийтдээ 140 гаруй айл эсгий гэртэй болжээ.
Ө.Нурболат