Инго Кловёр: Хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн үр дүн 2-5 жилд гардаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын
65 компанийн төлөөлөл оролцсон үзэсгэлэн маргааш манай улсад нээгдэх гэж байна.
Тодруулбал, манай оронд
зохиодог “Экспо Монголиа-2018” үзэсгэлэн энэ удаа “Дэвшилтэт технологи ба
хөрөнгө оруулалт” уриан дор аравдугаар сарын 9-нд “Мишээл ЭКСПО”-д эхэлж энд гадаадын дээрх тооны компанийн төлөөлөл ирж оролцох нь. “Тэр хэмжээгээр монголчуудад бизнесийн хамтын
ажиллагаа үүсэх боломжийг нээж байна” гэж үзэсгэлэнг зохион байгуулагч Германы “Ёот
Фау консалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Инго Кловёр өнөөдөр мэдээллээ.
Гурван өдөр үргэлжлэх
олон улсын үзэсгэлэнд зөвхөн нэг хоёр салбарын бус, барилга, тээвэр, эрчим хүч,
тэр дундаа сэргээгдэх эрчим хүч, уул уурхай зэрэг олон салбарын бүтээгдэхүүн,
үйлчилгээг үзүүлж, үзэсгэлэнд оролцогч гадна дотныхон хоорондоо уулзаж ажил
хэргийн хамтын ажиллагаа хийгдэнэ гэж үзэсгэлэнг зохион байгуулагч бас нэг
байгууллага болох Монгол-Германы Бизнесийн холбооны гүйцэтгэх захирал, хатагтай
Ребекка Шмүйкинг хэлж байв. “Экспо Монголиа-2018”-ын үеэр манай улсад Чех улсын
Худалдааны яамны Үйлдвэр, бизнес, барилга хариуцсан дэд сайд Эдуард Мирики айлчлах
бөгөөд тус улсын 13 компани оролцсон бизнесийнхний өргөн бүрэлдэхүүн ирж буй
дээрх айлчлалтай холбогдуулан үзэсгэлэнгийн үеэр Чех улсын бизнес-худалдааны
өдөрлөг болох юм байна.
Манай улсад 6 дахь
удаагаа зохиож буй “Экспо Монголиа-2018” үзэсгэлэнд энэ удаа саарал ус ашиглах
технологиос эхлээд халаалтын асуудлыг уламжлалт эрчим хүчээс гадна нар, салхи,
усны нөөц бүхий эрчим хүчээр шийдэх Европын технологиудыг танилцуулах юм байна.
“Өмнөх 5 удаагийн
үзэсгэлэнгээс ямар үр дүн гарч байсан” талаар зохион байгуулагч Германы “Ёот Фау консалт” ХХК-ийн гүйцэтгэх
захирал, ноён Инго Кловёроос тодруулахад тэрээр, “Монголын талаас олон ААН,
компани гадаадын томоохон компаниудын албан ёсны дистрибьютер болсон бол
гадаадын компаниудын хувьд зөвхөн Монгол бус, үзэсгэлэнд оролцож буй бусад улс
орны бизнесийнхэнтэй харилцаа холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнээ сурталчлан
таниулж худалдаа хийсэн дүнтэй байгаа. Яг хэдий хэмжээний худалдаа, гэрээ
хийсэн талаар бид нарийн тоо гаргаагүй, үзэсгэлэнийн дараа асуулт-хариулт бүхий
санал авдаг. “Экспо Монголиа-2018” үзэсгэлэнд оролцогч талууд мөн хөрөнгө
оруулалтын асуудлаа шийддэг. Гэхдээ хөрөнгө оруулалт гэдэг хугацаа шаардсан үйл
ажиллагаа гэдгийг та бүхэн мэднэ. Аливаа хөрөнгийн оруулалт хэрэгжиж үр дүн
гарахад доод тал нь 2-5 жил шаарддаг. Тооцоо судалгаа хийж ингэж гардаг. Жишээ
нь, Монгол дахь Салхин паркийн үйлдвэрийн талаар хэдэн жилийн өмнө манай
үзэсэлэнгийн үеэр ярилцаж тохиролцож байсан юм. Өнөөдөр энэ хөрөнгө оруулалтын
эхний үр дүн гарч эхэлж байна” гэв.
Б.Болд