А.Ботакөз: Би сурагчийнхаа бичгийн хэвд бус хүмүүжилд анхаардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-07 14:45:11
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Би ангийнхаа 35 хүүхдийг өөрчилж чадвал шавь нар минь дахиад 35 хүнийг эх оронч болгож чадна”  хэмээснээр бидний ярилцлага эхэлсэн юм.  Орхон аймгийн 13 дугаар сургуулийн 4в ангийн багш А.Ботакөз мэргэжлээрээ найман жил ажиллаж байна. Тэрээр хүүхдийн бичгийн хэвд бус эх оронч сэтгэлгээ, хүмүүжилд нь онцгой анхаардаг.  Түүнтэй  Монголын багш нарын баярын өдрөөр ярилцав.

-Эрхэм багш танд баярын мэнд хүргэе. Багш мэргэжил таны мөрөөдөл байв уу?

-Баярлалаа. Би бага ангийн багшаа хараад л энэ мэргэжлийг сонгосон. Багаасаа мөрөөдсөн мэргэжил минь. Анх багшилж байхдаа хүүхдүүдтэй харилцах, тэднийг ойлгох, тэдэнд эрдэм зааж сургахад их хэцүү, шантарч байсан. Туршлагагүй учир энэ ажлаа орхидог ч юмуу гэж бодож байлаа. Одоо найм дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжлээ солих тухай бодохоо байсан. /инээв/  Ажилдаа ч дурласан. 

-Энэ хугацаанд нэг анги төгсгөчихсөн л юм байна.

-Тийм шүү. Одоо хоёр дахь ангиа удирдаж байна. Анх анги удирдаж явахад их хэцүү санагдаж байлаа. “Бага ангийн багшдаа баярлалаа” дууг жирийн үед сонсоход сэтгэл хөдөлдөггүй хэрнээ төгсөлтийн үед /5 дугаар анги төгсөх/ маш их уйлсан. Хүүхдүүд маань уншиж, бичиж, бодож сурсан шүү гэж бодохоор өөрөөрөө бас хүүхдүүдээрээ их бахардаг. Айлын эрх, дураараа, зөрүүд хүүхдүүдэд хичээл заахын хажуугаар халамжилж, хайрлаж, хүмүүжүүлэхэд тэвчээр их шаарддаг.

-Залуу багш нар хүүхдүүдтэйгээ зэрэгцээд л уйлж байгаа харагддаг. Янз бүрийн хүмүүжилтэй хүүхдүүдтэй харьцахад хэцүү байдаг байх л даа.

-Өмнөх анги гайгүй байсан. Энэ ангид зөрүүд, дураараа хүүхдүүд олон бий. Ээж, аавынхаа үгэнд ордоггүй хүүхэд миний үгэнд орох болов уу гэж эмээдэг. Тийм учраас янз бүрийн ааш, аргаар хүүхэдтэй харьцдаг. Хичээлээсээ байнга хоцордог, хичээлээ дутуу хийдэг эсвэл ээж, аав нь хол, бурхан болсон гээд хүүхэд бүрт асуудал бий.

Тэр бүгдийг ойлгох ёстой. Ээж, аав нь байхгүй эсвэл хол хүүхдүүдэд илүү анхаарал тавьж заримдаа өдрийн цагаар гэртээ харж хичээлийг нь хийлгэдэг. Аавыгаа санаад байна гэж уйлвал би юу гэж хариулах билээ гэж унтахаасаа өмнө бодож хэлэх үгээ бэлддэг. Гэр бүлээ хэн нэгнээс нэхэж, санагалзаж байгаа хүүхдийг хараад дагаад л уйлчихдаг.

Маш хэцүү байдаг.  Хүүхдүүд их  эмзэг. Тэднийг байнга тайтгаруулж байх ёстой. Халуун ам бүлээрээ байж чадахгүй байгаа хүүхдүүд энэ хорвоод олон. Тэднийг хайраар дутаахгүйн тулд багш миний оролцоо ч маш чухал гэж боддог.

-Та ярианыхаа эхэнд дурдсан. Би хүүхдүүдийнхээ бичгийн хэвд бус хүмүүжилд анхаардаг гэж. Харин Боловсролын яам хүмүүжилд бус “Бичгийн хэвээр” нь тухайн хүүхдийг дүгнэнэ. Таны үзэл бодол, салбарын шаардлага хоёр хаана огтолцож байна вэ?  

-Багш хүүхдэд мэдлэг олгох үүрэгтэй. Мөн эх оронч сэтгэл, хүмүүжилтэй болгох нь нэн тэргүүний үүрэг. Сурч буй хүүхэд сайхан, муухай, муруй сарий бичнэ. Иймд тухайн хүүхдийг оноогоор дүгнэхдээ  зөв бичиж, зөв бодож байна уу,  бусдыг хайрлах сэтгэлтэй байна уу, бусадтай эвсэг байна уу гээд маш олон зүйлийг харж байх ёстой. Хэдийгээр бичгийн хэв нийт  онооны хоёр хувийг эзэлдэг ч би зөв бичиж, зөв бодож байгаа хүүхдээс тэр хоёр оноог харамладаггүй.

Хүүхдүүд сурахынхаа хажуугаар хүмүүжих ёстой. Би ангийхаа хүүхдүүдийг янз бүрийн тэмцээн уралдаанд оруулаад байдаггүй. Хүүхдүүд уралдах тусам атаархуу болж бие биендээ дургүйцэж эхэлдэг. Энэ атаархуу сэтгэлийг нь хөндөхгүйн тулд эхлээд эх орон, ээж, аав, байгаа бүхнээ хайрлаж сураад буюу төлөвшсөн тэр үедээ тэмцээн уралдаанд орох нь дээр гэж боддог. Тиймээс би ангийхаа хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээтэй, бусдыг хайрлаж өсгөхөд нь анхаардаг. Манай ангийхан биеэ даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой хүүхдүүд байдаг.

-Та бидний үед алим зур гэсэн бол улаанаар л зурах ёстой байлаа. Харин  одоо хүүхдүүд хар өнгөтэй алим зурсан ч түүнийг зурсанд тооцдог болжээ. Хүүхэд бүрийн харах өнцөг өөр гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг уу?

-Хэцүү байдаггүй. Гэхдээ техник, технологи хөгжих тусам хүүхдүүд амар хялбар аргаар сурахыг илүүд үзэж байна. Эцэг, эх нь ч тийм хандлагатай болж. Зургаан настай хүүхдүүд аливаа зүйлийг маш хурдан хүлээж авдаг. Тэр үед нь сургуульд оруулж байгаа нь зөв ч энд зөвхөн багшийн үүрэг, ачаалал л нэмэгддэг.

Ээж, аав нь хүүхдээ хүргэж өгөөд авах л үүрэгтэй. Мөн сурах бичгээс болж хүүхдүүдэд ачаалал нэмэгдэж байна. Жишээ нь зургадугаар ангийн хичээлийг дөрөвдүгээр ангид үзэх тохиолдол гарч байна. Сурах бичгээс болж хүүхдүүдийн сэтгэхүй “гэмтэж” байгаа ч юм билүү, судлах л хэрэгтэй.

-Хүмүүс “Сайн багш” гэх ойлголтыг хүүхдүүд нь тэмцээн уралдаанд байнга оролцож амжилт гаргадаг эсвэл эцэг, эхийнх нь оролцоогүйгээр багш нь хүүхдийг нь уншиж, сургасан байх ёстой юм шиг байгаа юм. Таны бодлоор “Сайн багш” гэдгийг юу гэж ойлгодог вэ?

-Хүүхдүүдтэйгээ уйгагүй ажиллах.Үдээсээ үдэж, товчоо ч товчилж чаддаггүй хүүхдүүд ирдэг. Хүүхэд бүрийн үдээсийг үдэж, товчийг нь нэг бүрчлэн товчлоод хувцасыг нь иж бүрэн өмсүүлэхэд 35 хүүхдэд 15 минут зарцуулдаг.

Уг нь хүүхдүүд биеийн тамирын хичээлдээ орох гээд байгаа нь энэ. Тэгэхээр сайн багш бол тэмцээн уралдааны дүнгээр бус тэдэнд хэрхэн анхаарал халамж тавьж байгаагаар дүгнэгдэх болов уу. Хүүхдийг нийгмийн гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхахгүй, жигд сургахыг сайн багш гэнэ. 

-Та зуны амралтаараа Солонгос явж туршлага судалсан гэсэн. Солонгосын багш нарын ачаалал таныхаас ямархуу байна вэ?

-Манай 13 дугаар сургууль Солонгосын Чуннамын бага сургуультай хамтын ажиллагаатай. Үүний хүрээнд манай сургуулийн 10 багш Солонгос руу явж туршлага судалсан. Тэнд бага анги нь 4-11 хүртэлх хүүхэдтэй байсан. Манайх шиг нэг багш 35 хүүхдэд ийм хүнд сургалтын программаар хичээл ордоггүй юм билээ.

Тэд маш их гайхаж байсан. Яаж ийм их зүйлийг ганцхан багш амжуулдаг байна вэ гэж биднээс олон удаа асууж байсан. Дээрээс нь манайх шиг  Боловсролын яамнаас бичиг баримтын дарамтгүй, тийм ч тайлан, ийм ч бичиг бүрдүүлдэггүй нь сайхан санагдсан. Тэнд өдрийн 12 цаг ажиллахад ажлын ямар ч дарамтгүй байх жишээтэй.

Би өдөр бүр 70 дэвтэр засдаг. 35 хүүхдийн монгол хэл, математикийн 70 дэвтэр. Заримдаа өөрөө гэрийн даалгавар хийж байгаа мэт санагддаг. Өмнө нь сургууль дээрээ засчихдаг байсан бол одоо зав гарахгүй гэртээ шалгадаг боллоо. Тиймээс БСШУЯ-аас шалгадаг баримт бичгийг шалгалтаа багасгаж багш нар хичээлдээ бэлдэх, төлөвлөгөөгөө боловсруулах, хичээлийн хөтөлбөрөө гаргахад нь цаг гаргаж байгаасай гэж хүсдэг.

-Та өмнө нь V дугаар сургуульд багшилж байгаад 13 дугаар сургууль руу шилжсэн. Шилжилтэд бэлэн байв уу?

-Эхэндээ маш их бухимдсан. Учир нь манай ангийн хүүхдүүдийн дийлэнх нь  V хороололд амьдардаг. Ангираа 13 дугаар сургууль рүү шилжихэд сургуулийн өмнөх том авто замыг бага насны хүүхдүүд яаж давж гарнаа гэж бодож эмээсэн. Тэрнээс л их айсан. Гэхдээ манай ангийн нэг  ч хүүхэд өөр сургууль, өөр анги руу шилжээгүйд баярладаг. Одоо яг гэр бүлээрээ амьдарч байгаа юм шиг санагддаг.

-Орхон аймгийн ЗДТГ-аас “Багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж багш нарыг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, гадаадад мэргэжил дээшлүүлэхэд анхаарч тодорхой хөрөнгийг ч зарцуулж байна. Та энэ хөтөлбөрт хамрагдаж байв уу?

-“Багш” дэд хөтөлбөрийн талаарх мэдээллийг сургуулийнхаа удирдлага болон цахим сайтаас авдаг. Одоогоор  ур чадвар дээшлүүлэх хөтөлбөрт нь хамрагдаагүй. Өнгөрсөн жил эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Гэхдээ “Багш” дэд хөтөлбөрт залуу багш нараа хамруулмаар санагдсан.

-Ярилцсанд баярлалаа. 

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻