Халдварт өвчний тандалт шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмч нар Завхан аймагт ирж 24 сумын 17.3 мянган хээлтүүлэгч малаас цус авч бруцеллёз, ям, сүрьеэ өвчнийг тандах шинжилгээ хийж байна.
Харин аймгийн ХХААГ Орон нутгийн хөгжлийн сангийн 10.0 сая төгрөгийн санхүүжилтээр байгууллагын хашаанд мал эмнэлгийн лабораторийн шинжилсэн дээж, эмгэг материалыг устгах беккарын нүхийг шинэчилж барьсан аж. Сүүлийн гурван жилд манай аймагт малын гоц халдварт өвчин гараагүй. Бид малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон үйл ажиллагаа явуулж буйн үр дүн энэ байх.
Малын удмын сангийн үндэсний төвөөс зохион байгуулсан бог малын зохиомол хээлтүүлгийн 10 хоногийн сургалтад хоёр сумын МЭҮТ-ийн мэргэжилтэн оролцсон. Завхан аймагт өнгөрсөн жил Дэлхийн банкны санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төсөл хэрэгжиж 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн бол бүх сумд хээлтүүлэгч малыг аттестатчилах ажлыг зохион байгуулсан байгаа. Шинээр 4,1 мянган хээлтүүлэгч сонгон тавьсан тухай хэмээн ХХААГ-аас мэдээлэв.
Б.Мягмарсүрэн