“Иргэдэд үйлчлэх танхим”-ыг шинээр тохижуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-10-04 15:04:24

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын ЗДТГ-ын байранд хууль зүйн туслалцааны “Иргэдэд үйлчлэх танхим” энэ сарын 3нд шинээр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхэллээ.

Энэ оны дөрөвдүгээр сард аймгийн ЗДТГ-аас зохион байгууулсан “Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чуулга уулзалт”-ын үеэр Засаг даргаас төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй энэ он хийгээд ирэх он жилүүдэд хамтран ажиллах гэрээг үзэглэсэн.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа, Хууль зүйн туслалцааны төвөөс тохижуулсан “Иргэдэд үйлчлэх танхим” нь  21 аймгаас анхлан Сэлэнгэ аймагт хэрэгжиж буйгаараа онцлогтой аж. Танхим ашиглалтад орсноор Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үндэсний хөтөлбөр, нийт иргэдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зорилтууд хэрэгжих юм. Мөн  иргэд хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө үйлчилгээг тав тухтай орчноос авах боломж бүрдэж байгаа  юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр Хууль зүйн туслалцааны төвөөс “Иргэдэд үйлчлэх танхим”-ын албан хэрэгцээнд зориулж компьютер, принтер, проекторыг гардууллаа. Хууль зүйн туслалцааны төвийн “Иргэдэд үйлчлэх танхим”-аар иргэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа, зөвлөгөөг авах боломжтой.

Танхимын нээлтэд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны харъяа Хууль зүйн туслалцааны төвийн захирал Т.Уранболор, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан болон албаны хүмүүс, хуулийн байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ч.Отгонцэцэг

相关新闻