Шилдэг яруу найрагчид Улиастайд өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-04 11:20:55

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт 12 дахь жилдээ болох гэж буй "Бадархундага-2018" яруу найргийн наадамд одоогийн байдлаар 13 аймаг, есөн сум, нийслэлийн 52 яруу найрагч шүлгээ ирүүлжээ. Энэ жил “Бадархундага-2018” яруу найргийн наадмыг XII их наадам нэртэйгээр, Баруун бүсийн зохиолчдын уулзалт, зөвлөгөөнтэй хамтатган 10 дугаар сарын 9-10-нд Улиастай хотод зохион байгуулна.

Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс сонирхсон яруу найрагчид оролцох боломжтой бөгөөд удирдамжид зааснаар яруу найрагчдийн бүтээл хүлээн авахад хоёр хоног үлдлээ. 10 дугаар сарын 05-наас хойш бүтээл хүлээн авахгүй. Дорнын Их яруу найрагч Бэгзийн Явуухулангаар овоглосон Завханчуудын дундаас үе үеийн оюунтнууд, суутнууд, бичгийн эрдэмт мэргэд төрөн гарсан байдаг. Завханчууд жил бүрийн Дэлхийн яруу найргийн өдөр, их найрагчийнхаа мэндэлсэн өдрийг тохиолдуулан “Явуу” орон нутгийн тэмдэглэлт, ёслолын өдөрлөг, “Оюуны жимс” залуучуудын яруу найргийн наадам, хоёр жил тутам “Бадархундага” улсын хэмжээний яруу найргийн наадам, таван жил тутам “Очирваанийн эгшиглэн” Монголын Утга зохиолынхоны чуулган, ойн баярыг тэмдэглэж ирсэн түүхтэй.

Хийж хэрэгжүүлж байгаа ажил бүхэнд 70 жилийн түүхт Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл гар бие оролцож, гардан зохион байгуулалцаж ирсэн ба үйл ажиллагаа  их утга зохиолоо хөгжүүлэх, Завхан нутгаас төрөн гарсан зохиолчдоо алдаршуулах, шинэ залуу авьяастнуудыг  дэмжих, уран бүтээлчдийг дэмжих, оюуны үнэт бүтээл туурвилыг олон нийтэд түгээх, яруу найргийн залгамж үеийг бэлтгэх зэрэг өөр өөрийн гэсэн зорилго, утга агуулгыг шингээж ирсэн юм.

Энэ удаа “Бадархундага-2018” яруу найргийн наадмыг мөн л өнөр түдшинд зохион байгуулна. Учир нь наадмын үеэр Баруун бүсийн зохиолчдын уулзалтыг зохион байгуулна. Мөн Дорнын их найрагчийн төрсөн газар дээр нь яруу найраг-уран зургийг хослуулсан үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Энэхүү үйл ажиллагаанд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга МУСГЗ зохиолч, яруу найрагч Долгорын Цэнджав тэргүүтэй МЗЭ, УЗ-ийн Үндэсний төвүүдийн төлөөллүүд, МУЭХ-ны ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МЧЗХ-ны гүйцэтгэх захирал, УЗН-ийг 1970-өөд онд удирдаж явсан зохиолч, сэтгүүлч С.Товуудорж зэрэг томоохон зочид, Баруун бүсийн зохиолчид, 21 аймгийн шилдэг яруу найрагчид оролцоно.

Арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн Утга зохиолын нэгдэл, аймгийн ЗДТГ, Алдархаан сумын ЗДТГ ажиллаж байгаа хэмээн Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

相关新闻