Хүүхдүүд байгальдаа эко танхимд хичээллэх боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Байгаль" сургалтын
төв үүдээ нээж хүүхдүүдээ хүлээж авлаа.
Сургалтын хотхон нь танхимын бус үйл ажиллагааг байгальд зохион байгуулж явуулдгаараа онцлогтой. Хүүхдүүд харилцан суралцах, биентэйгээ зөвлөлдөх, чадавхжих, дадлагажих, туршлагажих арга хэлбэрээр үйл ажиллагаа нь явагдах ажээ. Тус хотхон нь тогтвортой хөгжлийн боловсролын зорилтыг хүүхдүүдэд танин мэдүүлэх, Сэлэнгэ аймгийн брэнд болсон зөгийн аж ахуйгаа хэрхэн яаж хөгжүүлж буйг таниулах, монгол өв уламжлал, монгол наадгай, монгол ёс заншлаа хэрхэн уламжилж ирсэн түүхэн замналаа сурталчлах, цаашлаад эрүүл мэндийн боловсрол олгох, ногоон төгөл гэсэн дөрвөн өртөөгөөр дамжуулж хүүхдүүдэд боловсрол олгоно.
Эл хотхон нь Монгол Улсын Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, БСУСЯ, БОАЖЯ-ны хамтарсан санхүүжилтээр “Тогтвортой
хөгжлийн боловсрол-2030” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөр манай Сэлэнгэ аймагт энэхүү бүтээн байгуулалтыг хамтран шийдэж, нээлтээ хийж байгаад баяртай байна. Монгол хүүхдийг монгол орчин, монгол ахуйд нь сургаж хөгжүүлэх, боловсроход нь төсөл маш холбогдолтой. “Тогтвортой хөгжлийн боловсрол” төвийн захирал н.Амгаланд талархалаа илэрхийлье. Манай Сүхбаатар сумын III, IV сургуульд энэхүү төслийн хүрээнд “Дугуйтай Сэлэнгэ”, “Нарлаг сургууль” ухаалаг хэрэглээ төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Эдгээр сургууль төслийн хүрээнд олон нийтийг
хамарсан, эрүүл орчинд амьдарч сурч хөдөлмөрлөх, эрүүл хөдөлгөөнд уриалан
дуудсан арга хэмжээг зохион байгуулж байгаа. Аймгийн ГБХЗХГ-ын П.Оюун
даргатай хамт олон цөөхүүлээ, голдуу эмэгтэйчүүд гэхгүй маш чухал ажил хийсэн хийсэн байна. Танай хамт олон болон төслийн багийнханд аймгийн Засаг даргын
нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, нийт Сэлэнгийн үр хүүхдүүдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.
Дашрамд дуулгахад
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил энэхүү төсөлд дэмжлэг болгож есөн сая гаруй
төгрөгийн дэмжлэг үзүүсэн аж. Аймгийн удирдлагууд төслийн үр дүнд
бий болсон энэхүү төвөө улам өргөжүүлж, цаашид шаардлагатай санхүүжилтийг аймаг, орон нутгийн төсөвтөө үргэлжүүлэн тусгаж хөгжүүлж явна гэдийг онцлов.
“Тогтвортой хөгжлийн боловсрол” төвийн мэргэжилтэн н.Ёндонжамц “Тогтвортой хөгжлийн боловсрол төвийн н.Амгалан захирлын нэрийн өмнөөс та бүхэнд мэнд хүргэж, амжилт хүсье. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, түүний ЗДТГ-тай 2016 оноос тогтвортой хөгжлийн боловсрол төсөл хамтран ажиллаж байна. Энэ том үр дүн,том бүтээн байгуулалт болж байгаад баяртай байна. Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл 2016 оноос хойш давхардсан тоогоор нийт 500 гаруй багш, 2300 гаруй сурагчдад тогтвортой хөгжлийн боловсрол, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаар сургалт явуулсан байдаг.
Олон
багш, олон хүүхдүүдийн хөдөлмөрийн үр шимээр байгаль
дахь сургалтын төв үүдээ нээж байна. Хүүхдүүдээр дамжуулж байгальд
ээлтэй, байгалиа хамгаалсан, маш олон эко ажлыг түгээн дэлгэрүүлж байгаасай
гэж ерөөе” гэв.
Сэлэнгийн хүүхдүүд хавар,
намрын улиралд байгаль шинжлэл, хэл бичиг, эрүүл мэнд, байгаль экологийн хичээлээ
энэхүү байгальд дугуйгаа унаад ирж хичээллэх боллоо.
Ч.Отгонцэцэг