Канад сангийн дэмжлэгээр хүүхдийн тасаг тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-10-04 11:13:31

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгэнээний төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 0-15 насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартай үзүүлэхэд зарим тоног төхөөрөмж дутагдалтай байсан.

БОЭТ-ийн баг, хамт олон, Хүүхдийн тасаг, Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албанаас Канад санд хандаж төсөл бичиж хамтран ажилласны үр дүнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжтэй болжээ.   Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) хөтөлбөрийн санхүүжилтээр "Ховд аймгийн БОЭТ-ийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах" төслийн хүрээнд Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38,0 сая төгрөгийн санхүүжилт бүхий тоног төхөөрөмж олгов.

Үүнд амьсгалын аппарат, нярайн дулаан ширээ, өвчтөний хяналтын монитор, биллиметр, пульсохиметр зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлж хүлээлгэн өглөө. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав  төслийн нээлт, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож "Байгууллага хамт олныхоо оролцоотой төсөл хэрэгжүүлж хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангахад санхүүжилт олгон тусалсан Канадын элчин сайдын яаманд талархал илэрхийлж, цаашдын олон үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай байна” гэв.

Ховд аймаг 17 сум, 91 баг 86449 хүн амтай. Нийт хүн амын 34,0 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Ялангуяа хүйтний улиралд бага насны хүүхдийн өвчлөл их байдаг аж. БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь 40 ортой, 2016 оноос хойш Хүүхдийн тасагт шинээр хүүхдийн эрчимт эмчилгээний дөрвөн ор бүхий нэг өрөө болон зургаан ор бүхий хоёр тасагт нярайн өрөөг нээсэн юм. Хүүхдийн тасагт жилд 3000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг.


                                                                                                                                                                                                         А.Бямбасүрэн

相关新闻