Дотуур байрны хүүхдүүд ахуйн хэрэглээний эд хогшилтой болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр дунд сургуулийн түүхт 80 жилийн ойн баярыг тохиолдуулан тус сургуулийн дотуур байрны сурагчдын тав тухтай суралцах нөхцөл боломжийг хангахад дэмжлэг болгож аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа 1.2 сая төгрөгийн өртөг бүхий ахуйн хэрэглээний цахилгаан эдлэлийг гардуулав.
Тус сургуулийн дотуур байранд 70 шахам хүүхэд байрлаж эрдэм номонд шамдан суралцаж байгаа бөгөөд тэд угаалгын машин, индүү, хувцас хатаагч, индүүний ширээ зэрэг ахуйн хэрэглээний хогшилтой болсноор тав тухтай амьдрах, суралцах нөхцөл боломж бүрдэж байна.
Тус дотуур байранд байрладаг нэгээс арванхоёрдугаар ангийн сурагчид аймгийн ИТХ-ын даргад талархал илэрхийлж хичээл сурлагадаа амжилт гаргаж сайн суралцана гэлээ.
Ч.Отгонцэцэг