Цагдаагийн газар мэдүүлэг авах, таниулах зориулалтын өрөөтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цагдаагийн газар мэдүүлэг авах, шалгах, таниулах, хүүхдийн байцаалтын 10 өрөөтэй боллоо. Цагдаагийн газрын I байранд улсын төсвийн 5.4 сая төгрөгөөр “Мэдүүлэг шалгах” гурван өрөө, Цагдаагийн газрын II байранд улсын төсвийн 15, орон нутгийн төсвийн 15 буюу нийт 30 сая төгрөгөөр мэдүүлэг байцаалтын долоон өрөө байгуулж дуу, дүрсний хяналтын камер суурилуулсан байна.
Түүнчлэн Эрүүлжүүлэн баривчлах байрыг орон нутгийн төсвийн 80 гаруй сая төгрөг, гэр хорооллын Цагдаагийн хэсгийн байрыг 50 гаруй сая төгрөгөөр засвар үйлчилгээ хийжээ.
Орхон аймагт гэмт хэргийн гаралтыг бууруулах, хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор орон нутгийн төсвөөс хөрөнгө шийдвэрлэж хоёр машин шийдвэрлэсэн байна. Үүнийг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа А.Батбаярт гардуулав.
Орхон аймгийн Цагдаагийн газарт сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр багагүй бүтээн байгуулалт, их засварын ажил хийжээ. Зөвхөн энэ онд 37.8 сая төгрөгөөр бэлэн бус торгуулийн системийн багаж 11 ширхэг, энгэрийн камер 126 ширхэг болон бусад төхөөрөмжтэй болсон аж.
Б.Оюун-Эрдэнэ