Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын үзлэг эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн улсын үзлэг эхэллээ. Улсын үзлэгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахаар хөнгөн үйлдвэрийн салбарт зохион байгуулж буй.
Улсын үзлэгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 онд хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд хийж байгаа аж. Тэгвэл Завхан аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсэг “Завхан хүнс” группээс үзлэг шалгалтын ажлаа эхэлжээ.
Улсын үзлэг шалгалтад аймаг, сум, дүүрэгт хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдах бөгөөд шалгалт 11 дүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дуулгахад сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн тоо нэмэгдэж буй.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын улсын үзлэг нь тухайн салбарт гарч болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр зөвлөн туслах зорилготой.
Б.Мягмарсүрэн