Монгол Улсын баатар, армийн генерал Б.Доржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-03 11:36:25

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө сүндэрлэх Монгол Улсын баатар, армийн генерал Батын Доржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх ёслол Улиастайд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ.

Түүхэн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготойгоор Завхан аймгийн Засаг даргын захирамж гарч түүхт ойг жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ удаад тус зэвсэгт тулгаралтыг удирдан зохион байгуулахад гар бие оролцож явсан Монгол Улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нь энэ юм.

Цэцэг өргөх ёслолд орон нутагт аж төрж буй баруун хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчид, аймгийн удирдлагуудаас гадна, цэргийн штаб, болон аймгийн хүчний байгууллагуудын алба хаагч, удирдлагууд, иргэд оролцов. Мөн үеэр дайнд оролцсон ахмад дайчдын холбооны дарга, бэлтгэл дэд хурандаа Ч.Дэчинсамбуу, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ц.Нацагдорж нарыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар Баруун хилийн зэвсэгт тулгаралтын 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Завхан аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн гардууллаа.

Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт дууссаны 70 жилийн ойн хүрээнд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах, таваас дээш эрэгтэй хүүхэд төрүүлж өсгөхийн сацуу бүгдийг нь цэргийн алба хаалгасан ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслол болох юм. Мөн Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Ахмад дайчны дурсамж” нэртэй уулзалтыг аймгийн Цэргийн штаб, тус сумын удирдлагууд хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн тухайгаа Завхан аймгийн Цэргийн штабаас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

相关新闻