Баянхайрхан сумын өвөлжилтийн бэлтгэл 60 гаруй хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завханы Баянхайрхан сум байгалийн хадлан 230 тонн, 32 тонн өвс, 7.5 тонн тэжээл бэлтгэж өвлийн бэлтгэлээ 60 гаруй хувиар хангажээ.
Энэ жил тус сумын Засаг дарга аймгийн Засаг даргатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу малчид, иргэд 2225 тонн хадлан, сумын аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй аж. Аравдугаар сарын 01-ний байдлаар 68 тонн өвс, 22.5 тонн тэжээлийг нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаж байна.
Түүнчлэн дөрвөн багийн 368 хээлтүүлэгч малаас бруцеллёз өвчний түүвэр тандалт шинжилгээ авч, бог малын мялзан, шүлхий өвчний түүвэр тандалт судалгаанд 15 малчин өрхийн 200 малыг тус тус хамруулжээ. Мөн 17 өвөлжөө бууцыг малчидтай хамтран засварлаж инженерийн хийцтэй хоёр худгийг сэргээн засварласан тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Дашрамд дурдахад Баянхайрхан сум 106.042 толгой малтай, 411 малчин өрхтэй, Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төв Улиастай хотоос 250 километр алслагдсан, хангайн уулархаг бүс нутагт оршдог, байгалийн эрс тэс уур амьсгалтай сум юм.
Б.Мягмарсүрэн